Японы үндэсний агаарын тээвэрлэгч Japan Airlines компани анх удаагаа зорчигчдын жин хэтэрсний улмаас тусгай нэмэлт нислэг зохион байгуулахад хүрчээ.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Токио хотын Ханеда, Осака хотын Итами нисэх буудлуудаас хоёр хэсэг сүмо бөхчүүд Японы өмнөд хязгаарын Амами аралд болох спортын наадамд оролцохоор нисэх гэж байсан байна.
Гэвч тэдний дундаж жин 120 кг байсан нь ердийн зорчигчийн 70 кг-аас хол давсан тул тээвэрлэхэд Boeing 737-800 онгоцны шатахуун хүрэлцэхгүй гэсэн тооцоо гарчээ.
Ингээд JAL хоёр нисэх буудлаас хөөрөх нийт 27 бөхийг цугт нь Токио хотын Ханеда буудлаас тусгай онгоцоор тээвэрлэхээр болсон байна.
Ингэхийн тулд Осакагаас хөөрөх байсан 14 бөхийг эхлээд Токиод тээвэрлэн авчирчээ.
Сүмо бөхчүүдийг анх тээвэрлэхээр төлөвлөсөн онгоцыг илүү даацтай онгоцоор солих хувилбар яригдсан ч Амами арлын жижиг нисэх буудалд том онгоц буух боломжгүй гэж үзсэн тул ийнхүү тусгайлан онгоц хөөргөхөөр болсон байна.
“Онгоцны жингийн хязгаарлалтын улмаас тусгай нислэг үйлдэх болсон нь ер бусын ховор тохиолдол юм” гэж JAL компанийн төлөөлөгч орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Тэмцээн Ням гарагт өндөрлөсний дараа сүмо бөхчүүдийг мөн тусгай нислэгээр Токиод хүргэсэн байна.
Эх сурвалж: CNN