Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа зам цэвэрлэгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Одоогийн байдлаар 700 гаруй тонн, 300 гаруй тонн бодисыг зам цэвэрлэгээнд ашиглаад байна. Нөөцийн хувьд давс 3500 тонн, бодис 2600 тонн үлдсэн. Цасны хэмжээнээс хамааран нөөц хэр хангалттай вэ гэдэг асуудал яригдана. Өмнө жил давс биш хужир цацсан гэдэг асуудал болсон учир давс нийлүүлэгч компаниуд давсаа шинжилгээний бичигтэй ирүүлж байгаа. Мөн манайхаас давхар лабораториор шинжлүүлсний үндсэн дээр мөнгөө шилжүүлсэн. Энэ жилийн хувьд давс сайн хайлж байгаа юм.
Хотын захиргаанаас давс бодис цацдаг технологиос татгалзаж, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулахаар ажиллаж байна. Давс, бодис цацах тоног төхөөрөмж хангалтгүй байна. Жишээ нь, ОХУ-ын манайхтай төстэй хотууд манайхаас 10 дахин илүү тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Нийслэлд 60 гаруй тоног төхөөрөмж ажиллаж байхад ОХУ-ын томоохон хотуудад 600 гаруй тоног төхөөрөмж ажиллаж байх жишээтэй. Тиймээс төсвийн бололцооны хүрээнд тоног төхөөрөмжөө жил жилдээ нэмэгдүүлнэ. Энэ жилийн хувьд 30-40 давс, бодис цацах, цас цэвэрлэх тоног төхөөрөмж авна. Үүнд, авто зам цэвэрлэх, давс бодис цацах машинаас гадна явган хүний зам цэвэрлэдэг жижиг оврын олон үйлдэлтэй шүүрддэг, ачдаг 10 машин орж байна. Нийслэлийн төсвийн тодотголыг саяхан өргөн барьсан. Төсвийн тодотголыг НИТХ дэмжвэл бид дараагийн ажилдаа орно. Нийт 8-9 тэрбум байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна. Бид дундын зуучгүйгээр үйлдвэрээс нь төхөөрөмжөө авна гэдэг байдлаар шалгаруулалтаа хийнэ” гэлээ.