Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Хууль батлуулахын тулд зохиомол түгжрэл үүсгэсэн гэж яриад яваа хүмүүсийг өрөвдөж байна. Улаанбаатарчуудын тулгамдсан асуудал дээр санаатай үйлдэл гаргана гэж байхгүй.
Тээврийн цагдаагаас өгсөн мэдээллээр зам дээр нэлээд хэмжээний осол гарсан болон бусад шалтгаан нөхцөлөөс болж замын ачаалал нэмэгдсэн. Түгжрэл бууруулах төслийг өнгөц байдлаар хармааргүй байна.
Гэрлэн дохиотой уулзваруудыг багасгах асуудал яригдаж байна.
Хууль батлагдаад шууд төлбөртэй бүс тогтоогдох бус, эхлээд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хуваарийн дагуу явдаг байх, төвлөрсөн авто зогсоолууд бий болсны дараа төлбөртэй бүсийн асуудал яригдана.
АТГ дээр 134 тэрбумын ногоон автобусны хэрэг шалгагдаж байгаа.
Бид үлдсэн 180 тэрбум төгрөгт тааруулж олон улсын нээлттэй тендер зарласан. Тендер 11 дүгээр сарын 24-нд нээгдэнэ.
Манай улсаас тавьж буй техникийн тодорхойлтод нийцсэн автобус үйлдвэрлэгч компаниуд оролцох байх гэсэн найдлага байна.
Үлдсэн хөрөнгөнд доод тал нь 600 автобус авна. Ингээд ирэх оноос 1200 автобус үйлчилгээнд явуулах тооцоотой байна.
Нийслэлийн тээвэр дээр явж байгаа чиглэлийн маршрутыг тогтоодог хувилдааныг зогсоох ёстой. Таваншар-Офицер-Шархад хүрдэг маршрутыг тодорхой компаниуд тогтоолгож аваад явж байна.
Өдөрт 1000 төгрөг, долоо хоногт 6000 төгрөг төлөөд хэдэн ч зорчилт хийж болохоор боломжуудыг судалж байна.
Автобусны буудлуудыг өвлийн цагт дулаалгатай, стандартыг нь сайжруулах гэхээр нийслэлийн төвийн байршлын бүх автобусны буудлуудыг 30 жилээр компанид эзэмшүүлчихсэн.
Ийм хариуцлагагүй байдлаар олон нийтийн өмчийг 30 жилээр нь сонгон шалгаруулалтгүйгээр өгчихсөн. Баригдаагүй метроны буудлыг хүртэл бий болсны дараа ашиглуулан гээд 30 жилээр өмчлүүлсэн байдалтай байна гэв.