Улаанбаатар хотын агаарын бохирдол ойрын өдрүүдэд илт мэдэгдэхүйц нэмэгдлээ.
Элдэв төрлийн зуух, сайжруулсан шахмал түлш, утаа шүүгч гэх зэргээр олон янзын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлээд байгаа гэдэг ч бодит байдал дээр үр дүн төдийлөн гарахгүй байгааг иргэд шүүмжилж байгаа юм.
Жишээ нь өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын таван байршилд агаарын чанар маш муу үзүүлэлтийг давсан бол бусад хэсэгт их бохирдолтой байгааг илтгэх утгууд гарч байв.
Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Нийслэл хот уулсаар хүрээлэгдсэн байршилтай.
Өвлийн улиралд Азид Сибирийн хүйтэн агаарын урсгал орж ирдэг. Ингэхээр антициклон буюу агаар мандлын орчил хөдөлгөөн тогтуун, салхигүй байна гэсэн үг.
Салхигүй байснаар Улаанбаатар хотод байгаа агаар бохирдуулагч эх үүсвэрээс гарч буй бодисууд агаарт замхрах процесс удааширна.
Нийслэлийн дээр тогтсон хүйтэн агаарын зузаанаас хамаараад өглөөд гарсан бохирдуулагч бодисууд маань замхрах нь удааширч, хуримтлагдах нөхцөл үүсдэг. Өчигдөр болон өнөөдөр 80 орчим метр зузаан хүйтэн агаар тогтсон.
Иймд яндангаас гарах утаа энэхүү хүйтэн агаарыг нэвтлэн гарах чадвар багасаж, хуримтлагдах байдал ажиглагдаж байгаа. Энэ бол цас, бороо ордог шиг байгалийн үзэгдэл” гэлээ.