Холливүүдийн жүжигчин Арнольд Шварценеггерийг үнэтэй цагаа гаальд мэдүүлээгүй гэсэн шалтгаанаар Мюнхений онгоцны буудал дээр гурван цагийн турш саатуулсан байна.
Тодруулбал Европын Холбооны дүрмийн дагуу 10 мянган еврогоос дээш үнэ бүхий бэлэн мөнгө эсвэл эд хэрэглэл биедээ авч яваа бол заавал гаальд мэдүүлэх ёстой.
Жүжигчин тус цагаа буяны байгууллагад өгөхөөр дуудлагаар худалдаалах гэж байсан аж. Харин түүнийг гаальд мэдүүлээгүй тул татвараас зайлсхийх гэж оролдсон гэсэн үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Шварценеггерийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр түүнд үнэтэй эд зүйлээ мэдүүлэх хуудас өгөөгүй гэв. Гэхдээ эцэст нь жүжигчин татвараа төлөхөөр болсон ч олон асуудалтай тулгарсан байна.
Тухайлбал картаараа төлбөр төлөх гэсэн боловч картын машин нь ажиллаагүй, хамгийн ойролцоох банк хаалттай, ATM-ээс авах боломжтой бэлэн мөнгөний дээд хэмжээ бага байсан гэх мэт асуудал үүсжээ.
Гэсэн ч Шварценеггер асуудалд тайван нухацтай хандсан хэмээн түүний төлөөлөгч онцлов. “Харин цагдаагийн байгууллагынхан л өөрсдийгөө инээдтэй байдалд орууллаа” гэсэн байна.
Эх сурвалж: ВВС