Мэргэжлийн бокст хүч сорьж буй Э.Цэндбаатар PROBOX холбооны ээлжит тулаанаа хийлээ. Түүний мэргэжлийн дэвжээн дээрх ес дэх тулааны өрсөлдөгч нь гвиней гаралтай канад боксчин “Одос үхэр” хочит Мохамед Соумаоро байлаа.
Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн Плант Ситид “Уайтсандс” спортын ордонд болсон юм.
Найман үе үргэлжилсэн тус тулааны эхний дөрвөн раундад хоёр боксчин тандсан тулаанд Э.Цэндбаатар илт илүүрхлээ. Манай тамирчин өрсөлдөгчөө хэд хэдэн удаа унагах дөхсөн ч шүүгчийн шүгэл өрсөлдөгчийг нь аварсан юм.
Э.Цэндбаатар илт илүүрхэж явсаар шүүгчийн саналаар ялалт байгуулав. Ингэснээр манай тамирчин мэргэжлийн боксод ес дараалан хожсон үзүүлэлттэй болж байна.
31 настай М.Соумаоро тулааны спортоор харьцангуй сүүлд буюу 2013 оноос хойш хичээллэж 2017 оноос мэргэжлийн боксод орсон билээ. Түүнээс хойш 17 тулаан хийж 14-т нь ялсан ч сүүлийн хоёр тулаандаа дараалан хожигдоод байна.