2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх багуудыг сонгон шалгаруулах сугалаа өнөөдөр Малайзын Куала Лумпур хотод боллоо.
Үндэсний шигшээ баг уг тэмцээний хэсгийн шатны өмнөх тоглолтыг Зүүн Тиморын шигшээ багийн эсрэг хийхээр сугалаа татсан байна.
Эхний тоглолт есдүгээр сарын 5-нд өрсөлдөгч багийн талбайд болох бол хариу тоглолт есдүгээр сарын 10-нд Монгол Улсад болох аж. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулж, хэсгийн шатанд өрсөлдөх боломжтой болох юм.
Манай шигшээ баг өмнө нь Зүүн Тиморын шигшээ багтай 2015 онд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий урьдчилсан шат шатанд учраа таарч, хоёр тоглолтын нийлбэрээр 5:1-ээр ялагдсан билээ.
Харин дараа нь Зүүн Тиморын шигшээ баг хуурамч бичиг баримтаар бразилчуудыг тоглуулж байсан нь илэрснээр холбоо нь тэмцээнд оролцох эрхээ хасуулж байсан түүхтэй.
Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо