Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байна. Тус талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Денверийн гудамж дагуу барьж байсан ч шүүхийн маргааны улмаас үйл ажиллагаа нь зогссон тул барилгыг нурааж байна. Барилгыг барьж байсан компанитай зөвшилцөөд богино хугацаанд нурааж, иргэдэд зориулсан ногоон байгууламж болгохоор шийдсэн. Энэ каркасын цаад талын барилгын оршин суугчид үүнээс болоод нар харж чаддаггүй, ингээд өдөржин гэрлээ асааж, өрхийн зардал нэмэгддэг асуудлыг хэлсэн.
Барилга буулгах хугацаанд иргэд Денверийн гудамжаар явахдаа болгоомжтой байж, заасан чиглэлээр зорчихыг зөвлөж байна.
Газрыг 2005 онд олгосон бөгөөд 2010 оноос хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн асуудал үүссэн. Эзэмшигч иргэн хот төлөвлөлтийн алдааг засаж, нийслэлтэй хамтарч ажиллахыг хүссэнээр зөвшилцөлд хүрсэн” гэдгийг Хотын даргын орлогч П.Сайнзориг дурдлаа.