“Ховд аймагт саналын хуудас бөглүүлж байна” гэх мэдээллийн мөрөөр шалгалт явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.
Ховд аймгийн Ховд.мн сайтын сэтгүүлч 2024 оны зургаадугаар сарын 11-ний 11:00 цагт цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан байна.
Тус мэдээлэлд “Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутагт байрлах МАН-ын үүрийн байрнаас мөнгө тарааж байна, саналын хуудас бөглүүлж байна” гэсэн байж. Энэ дагуу Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг шалгаж эхэлжээ.
Энэ талаар “Тухайн байранд үзлэг нэгжлэг хийхэд саналын хуудас гэж яриад байгаа зүйл 224 ширхэг гарч ирсэн. Ямар нэгэн бэлэн мөнгө байгаагүй. Саналын хуудас гэх зүйлийг сургалтын байдлаар ашигласан гэх тайлбар өгч байгаа. Сургалтын байдлаар хэвлэсэн байж ч болохоор харагдаж байгаа, ард нь утасны дугаар тэмдэглэсэн байсан.
Үүнийг саналын хуудас гэж үзэх үү үгүй юу гэдгийг шалгаж тогтооно” гэв.