Улаанбаатар хотод нэг, хоёрхон цаг бороо ороход гудамж, талбай усанд автаж явган хүн битгий хэл автомашин явахад бэрх болдог. Жил болгон автозамын борооны ус зайлуулах шугам хоолойн ажил хийдэг. Гэвч энэ нь хангалтгүй байгааг жил бүрийн бороо сануулдаг. Улаанбаатар хотод борооны ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ байдаг аж.
Энэ жилийн хувьд нийслэлийн 13 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн автозамын ердөө 20-30 хувь нь ус зайлуулах шугамтай, ачаалал нь аль хэдийнэ хэтэрчихсэн. Мөн шугам хоолойн 60-70 хувийнх нь насжилт дууссан гэдгийг Геодези усны барилга байгууламжийн газраас мэдээлж байсан. Ус зайлуулах хоолой хүртээмжгүйгээс наад зах нь явган хүний болон автомашины замын насжилт, элэгдэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Замын чанар муудах, элэгдэх, язрах зэргээр насжилтыг богиносгодог гэж хэлж болно. Мөн иргэдийн өдөр тутмын амьдралд ч асуудал үүсгэж байна.
Мэргэжилтнүүдийн судалгаагаар хотын хэмжээнд цаашид 400 км гаруй шугам сүлжээг өргөтгөх шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.
Гэвч тус инженерчлэл, шугам хоолойг шинээр тавихад хэт өндөр зардалтай учир жил бүрийн улсын болон нийслэлийн төсвөөс мултардаг байна.