“Солонгосын соёлын өдрүүд-2024” арга хэмжээ наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-н хүртэл Сүхбаатарын талбайд болно.
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах юм.
Төв талбайд гурван хоног үргэлжлэх арга хэмжээнд оролцохоор БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайхны үйлчилгээ эрхлэгч нийт 58 аж ахуй нэгж байгууллага оролцож үйлчилгээ үзүүлнэ.
Энэ үеэр Солонгосоос хүрэлцэн ирсэн “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, “НУМҮРИ” амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулах юм.
Үүний зэрэгцээ солонгос ардын урлагийн тоглолт, электрик үндэсний хөгжмийн тоглолт, жинду бөмбөрт бүжиг, таеквондогийн үзүүлбэр гэх мэтчилэн олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүд болно.
Түүнчлэн
-
Солонгос үндэсний бүжиг, таеквондогийн хамтарсан тоглолт
-
K-POP бүжгийн тоглолт
-
Гудамжны бүжгийн үзүүлбэр
-
“OPEN MIC” тэмцээн
-
Хурдан идэх тэмцээн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
Сонирхуулахад, зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас K-POP концертын тасалбар болон БНСУ руу зорчих хоёр талын тийзийн сугалааны тохирлын азтан тодруулахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Аялал жуулчлалын газар мэдээлэв.