Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас халамжийн бодлогын талаар мэдээлэл хийлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Улсын төсөвт халамжийн зардал маш их дарамт болж байна гэдэг. Хүүхдийн мөнгийг халамжид оруулан тооцдог байсан. Мөн Цалинтай ээж, Насны хишиг, Олонтой ээжийн зэрэг халамж бус нийгмийн хамгааллын бодлогыг Халамжийн тухай хуулиар зохицуулж ирсэн учраас халамж хавтгайрсан гэж дүгнэдэг. Тэгвэл цаашид алийг нь халамж, алийг нь нийгмийн хамгааллын бодлого байх юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна.
2024 оны Нийгмийн халамжийн сангийн нийт зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ буюу эмзэг бүлгийнхэндээ чиглэсэн байна. Үндсэндээ100 төгрөгийн 30 нь л хэрэгтэй хүндээ очиж байна. Харин үлдсэн нь өндөр орлоготой айлын хүүхэд, өндөр орлоготой ахмадуудад зарцуулагдаж байна.
Дэлхийн банкнаас ч бидэнд “Халамжийн бодлого чинь зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна” гэдгийг анхааруулсан.
Мөн бид өнгөрсөн хугацаанд гэр бүлийг орхигдуулаад хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэтчилэн зорилтот бүлэг рүү илүү анхаарч саланги бодлого барьж байж. Тэгвэл одоо гэр бүлд суурилсан бодлого явуулах нь зүйтэй гэж харж байгаа.
Цаашид халамж зөвхөн шаардлагатай иргэнд очно. Хөдөлмөрийн чадавхтай иргэнээ зах зээлд бэлдэнэ. Хөдөлмөрийн насны хүмүүс хүнсний талон авахгүй гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсад 100 мянган хүн хүнсний талон авч байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний талон өгөхгүй. Харин хөдөлмөр эрхлэх боломжоор хангана.
Нэг өрхөд маш олон төрлийн халамж олгогддог тоо баримт бий. Тухайлбал, Баян-Өлгий аймагт хамгийн олон айл олон төрлийн халамж давхцуулж авч байна. Баянзүрх дүүрэгт бүх төрлийн халамж давхцуулж авдаг 325 өрх бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт 155 өрх байна” гэв.