Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар өөрийн сууриа илэрхийлж байна.
Хаврын эрлийз морины уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж буй маш том бүдүүлэг алдаа. Би өөрөө 3 наснаасаа морь унаж, өссөн.
Сая Л.Энх-Амгалан сайд хэлж байна лээ “Би хөдөө хурдны морь унаж өссөн. Энэ уламжлалаа бид Хятадад алдах гээд байна” гэсэн.
Манайд хаврын уралдаан зохион байгуулагдахад Өвөр Монголд хурдан морь уралдахаа болино гэж хэн хэлээд байгаа юм бэ. Тэд эрлийз морь, монгол мориор уралдана уу бидэнд хамаагүй шүү дээ. Ийм сонин жишээ хэлэх юм.
Хүүхэд байхдаа унаж байсан монгол морь цаанадаж 35 км/цаг хурдтай байсан юм. Өдгөө 30-35км хурдтай адууг хүүхэд зун унаад уралдах нэг өөр.
Харин 50-60км цагийн хурдтай, допинг буюу хүч тамир оруулагчаа тариад “галзууруулчихсан” адууг 3 дугаар сарын хөлдүү газар дээр, насанд хүрээгүй хүүхэд унуулж уралдуулж байна.
Энд ямар ээж аав хүүхдээ дэнчин тавьж уралдуулах вэ. Тийм эрлийз морийг насанд хүрсэн та нөхөд ч унаж уралдах боломжгүй, нисэж үхнэ.
Та нар хараарай, 300-400 морь уралдахад 3-4 нь л уяач өөрийн хүүхдээр морио унуулдаг. Бусад нь хэний хүүхдээр морио унуулж байгаа нь тодорхой.