МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН МАЛ АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-Д СУРАЛЦАЖ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭЭД ИРСЭН ЗАЛУУСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Монголчууд бидний өв уламжлал, нүүдлийн соёл иргэншил, олон зуун жилийн турш бусдаас ялгарах ондоошил болж ирсэн. НҮҮДЭЛЧИН гэдэг нэрээр дэлхийд тамгалагдсан үнэт өв соёлоо хадгалан хамгаалах, уламжлалт шинэчлэлтийг хослуулан хөгжүүлж, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулан, инновац, технологийг нэвтрүүлэх чухал цаг үе ирээд байгаа учир Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн.
”Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн залуусын үүрэг оролцоо хамгийн чухал. Монголын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх “100 залууг сургах” хөтөлбөрийг ENomad компани эхлүүлж, БНХАУ-ын China Shengmu Organic Milk компанид 10 залуу нэг сарын хугацаанд дадлага хийж, мэргэжил дээшлүүлээд иржээ.
Хөдөө аж ахуйн их сургуульд дөрвөн жил сурахдаа 2-3 удаа практик дадлага хийж үзсэн залуус БНХАУ-д очоод өдөрт 100 үхэрт зохиомол хээлтүүлэг хийх дадлага хийсэн тухай ярьж байлаа. Тэд өөрийн сурсан, мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж байна.
”Шинэ хоршоо” хөдөлгөөн бол дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт, хуурайшилт, цаг агаарын гамшигт үзэгдлийн хүнд сорилтуудыг даван туулах, Монгол үндэстний гайхамшигт ондоошил болсон нүүдлийн өв соёлоо хадгалан үлдэх, хөгжүүлэн авч явах асар өндөр үүрэг хариуцлага, үнэ цэнээс үүдэн гарсан бодлого юм.
”Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд гадны улс орноос туршлага хуримтлуулах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж хүний нөөцдөө анхаарах зайлшгүй шаардлагатай бөгөөд хөдөлгөөний үр дүнд мал аж ахуйн салбар зах зээлийн зарчмаараа хөгжиж, дэлхийн улс үндэстнүүдэд Монгол малын бүтээгдэхүүн Брэнд болж, малчид ган, зудад ажрахгүй даван туулах чадвартай, мэдлэг туршлагатай болох ёстой юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан түүхэн үйл хэрэгт гар бие оролцохоор шийдэж сэтгэл зүрхээ зориулан яваа залууст амжилт хүслээ.