УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2025.05.09/ төсөвт тодотгол хийх зүйтэй эсэх талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн зорилго дээр зөрчилдөөн алга. Бүх гишүүн л Гарын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулъя, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулж баруун бүсийн эрчим хүчийг дотоодоосоо хангадаг болъё, Улаанбаатарыг түгжрэлгүй болгоё, хот төлөвлөлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдье гэж байгаа.
Үүнд маргаад байх асуудал огт байхгүй. Хэрэгжүүлэх арга замаа сонгож байгаа байдал нь зөрчилдөөнтэй байгаа.
Г.Тэмүүлэн гишүүний хэлж байгаа нь гадаад зээлийг төсвөөс мөнгө гаргаад шийдэх гэж байгаа байдал нь нийгэм, эдийн засгийн эрсдэл дагуулж, Монгол Улс дефолтод буюу санхүүгийн хямралд орно. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд ч эргэж харна. Өрийн удирдлагын хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн сахилга бат алдагдана. Ингэснээр зээлжих зэрэглэл буурч, хүү өснө. Монголд итгэж зээл өгөх гадаадын банк, санхүүгийн байгууллагууд эргэлзэж эхэлнэ. Үүнээс шалтгаалж төгрөгийн худалдан авах чадвар буурах гэх мэт сөрөг нөлөөллүүд бий.
Дундын шийдлийг юу гэж харж байна вэ гэхээр төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Дээрээс нь эрх зүйн шинэчлэлтүүд гарч байгаа. Үндсэн хуулийн 38.1, 2-оор төсөвтэй холбоотой аливаа зохицуулалтыг зөвхөн Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх үүрэгтэй.
Энэ зөрчигдөөд байна. Хэрэв нэр бүхий гишүүдийн санаачилсан энэ хуулийн төсөл УИХ-аар орж батлагдвал Үндсэн хуулийн цэцийн асуудал үүснэ. Тэгэхээр хамгийн зөв шийдэл бол зорилго нэг учир Засгийн газар төсвийн тодотголоо оруулж ирэх хэрэгтэй.