МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг танилцуулахдаа хэд хэдэн зарчмын зүйлүүдийг хэлсэн.
Нэгдүгээрт, Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, үүнийг дагаж манай улсад үүсэж буй хүндрэл, экспортын орлого буурсантай холбоотой төсөв болон улс орны эдийн засагт ирж буй хүндрэлүүдийг нэг бүрчлэн ярилаа. Энэ агуулгаар парламентад суудалтай намуудтай хамтарч ажиллах, монголчууд бид эвтэй, нэгдсэн бодлоготой байж хүндрэлүүдийг туулах нь зүйтэй гэсэн.
Хоёрдугаарт, МАН-ын VI бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хамтарч ажиллах гэрээ зөрчсөн АН-аас бусад намтай хамтрах чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн.
Гуравдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэлээ.
Гэхдээ УИХ-д оруулах төсөлд бүтцийн өөрчлөлт хийж, 2025 оны төсвийн тодотголыг хамт өргөн мэдүүлнэ. Үндэсний хороодыг толгойлж байсан сайд нарыг томилохгүйгээр шийдвэрлэсэн.
Асуудлаа мэдэх зарим сайдыг танхимд үлдээхийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ. Хуучин сайд нараас 40 хувийг нь шинэчилнэ.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй, үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэв.