Дотоодын цэргийн штабын даргаар хошууч генерал Р.Чингисийг томилжээ. Хошууч генерал Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2014-2016 онд тус газрын даргаар ажиллаж байсан юм. .
Харин 2021 онд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга, 2022 оноос Дотоодын цэргийн штабын дарга зэрэг алба хашиж байв. Гэвч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард “Засгийн газрыг огцруулах жагсаалыг П.Цагаан болон түүний хүү, мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэж мэдэгдсэн. Үүний дараа түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Харин хошууч генерал Р.Чингис дээрх асуудлыг няцааж шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандахад түүний талд шийдвэр гарч байсан удаатай юм.
Олон нийт хошууч генерал Р.Чингисийг Хууль зүй дотоод хэргийн сайд Дотоодын цэргийн штабын даргаар томилох болов уу гэж таамаглаж байсан нь ийн биеллээ олжээ.
Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар Дотоодын цэргийн штабын даргыг томилж, чөлөөлдөг.
Засгийн газар дөрөв хоногийн өмнө ээлжит бусаар хуралдан Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томилсон юм. Харин тэрбээр өчигдөр бригадын генерал Ц.Ням-Очирыг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас чөлөөлжээ.











































































