Булган аймгийн Дашинчилэн сумын Найдаг уулнаас Хятад, Эртний Уйгар, Хятан бичгийн гурван олдворыг илрүүллээ.
Харин одоогоос гурван сарын өмнө тус уулнаас Хятан бичгийн долоон олдвор илрүүлсэн юм. Энэ нь их, бага бичгийн хосолмол, дэлхийд ганцад тооцогдох олдвор болсон байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү бичгийн дурсгалууд Монголд их ховор аж. Өмнө нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүлээний овоо, Хэнтий аймгийн Мөрөн сумын Салбар уул зэрэг газраас олдож байсан ч их, бага бичгийн дурсгалууд хамт илэрсэн тохиолдол байгаагүй аж.
Тиймээс эдгээр ховорд тооцогдох эртний олдворууд олдсоноор Хятан улсын түүх, соёл, төрийн байгууллын олон асуудлыг тодруулахад ахиц гарах боломжтой гэж судлаачид үзжээ.












































































