Цагаан сар дийлэнх өрхөд өр, зээл, бизнес эрхлэгчдэд орлого нэмсэн байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2016 оны эцсийн байдлаар нийслэлд 380 мянган өрх оршин суудаг. MMCG-ийн судалгаанд дурдсанчлан эдгээр өрхийн 80 хувь нь цагаан сар тэмдэглэж, нэг өрх дунджаар 1,135,967 төгрөгийн зардал гаргасан гэж үзвэл нийслэлчүүд 350 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Баярын сар болох жил бүрийн эхэн болон эцэст макро эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгддэг. Сүүлийн 3-4 жилийн үзүүлэлтийг харвал жил бүрийн эхний болон эцсийн улиралд өрхийн зардал өсчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 971 мянган төгрөгтэй тэнцэж байсан өрхийн дундаж зарлага 2017 оны эхний улиралд 52 мянган төгрөгөөр өссөн байна.