Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд аль хэдийнэ өөрийн гэсэн фэнтэй болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэл бусдад хандив өргөжээ.
Бяцхан дуучин хүү төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон тул мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр зургаан нас хүрэхээс урьтаж харааг нь сайжруулахаар Энэтхэг улсад нүдний хагалгаанд орсон юм. Түүний эмчилгээний зардлыг олохоор ар гэрийнхэн нь болон МУГЖ С.Батсүх өнгөрсөн оны тавдугаар сарын 20-нд “Хаан заяатай орчлон” хандивын тоглолтыг зохион байгуулсан билээ. Түүний дараа Бат-Энэрэлтэй хорвоо тоглолтоо хийсэн бөгөөд уг тоглолтоо орон нутгийн сонсогчиддоо ч толилуулаад амжсан. Бас болоогүй фэйсбүүкт 6000 орчим дагагчтай фэн хуудастай гэж байгаа.
Олны танил эрхэм бяцхан хүү энэ удаад авьяаслаг дуучин Б.Бат-Энэрэл тоглолтынхоо орлогоос 300 мянган төгрөгийг есөн хүүхэдтэй өрх толгойлсон 32 настай ээж н.Өнөрзаяад цахим сүлжээгээр нэгдсэн залуусын барьж өгч буй байшингийн бүтээн босголтонд хандивласан байна.
МУГЖ С.Батсүх, Б.Бат-Энэрэл нар Орчлонгийн үзэсгэлэн гоо ээжүүддээ цэнгүүнийг өнөөдөр орой 19:00 цагт зохион байгуулж байгаа бөгөөд тасалбар нь аль эрт дуусч, ийнхүү орлогоосоо монголын нэгэн ээжийн амьдралд хөрөнгө оруулалт хийжээ.