Энэтхэгийн төрийн өмчит төмөр замын байгууллага 100 мянган ажлын байранд 20 сая ажил горилогчийн өргөдөл хүлээн авсан тухай тус улсын Төмөр замын яамны ажилтан мэдэгджээ.
Ирэх Бямба гаригт албан ёсоор өргөдөл авах хугацаа нь дуусгавар болж байгаа эдгээр ажлын байранд хүсэлт гаргагчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тухай “Trust of India” мэдээлсэн байна. Төмөр замын цагдаа, зүтгүүрийн жолооч, техникчийн ажлын байранд онлайн шалгалтыг 15 хэлээр авах аж.
Ажилгүйчүүдийнх нь тоо хэдэн арван саяд хүрээд буй Энэтхэг улсад ажилгүйдэл маш том асуудал болоод байгаа юм. Дунд болон доод түвшний ажлын байранд хүсэлт гаргагчдын өргөдөлд дарагдаад байгааг албаны хүмүүс мэдэгдсэн байна.
“Ажилд орох хүсэлтэй иргэдийн тоо маш их байна. Тэр ч байтугай PhD зэрэгтэй хүмүүс ч техникчийн ажилд орохыг хүсч байна” хэмээн Economic Times сонинд төмөр замын ажилтан ярьжээ. Зөвхөн зүтгүүрийн жолооч болон техникчдийн орон тоон дээр онлайнаар таван сая хүн өргөдөл гаргасан байна.
Энэтхэг нь өдөрт 23 сая хүн галт тэргээр зорчдог, дэлхийн хамгийн том галт тэрэгний сүлжээ бүхий орон юм. Төмөр замын сүлжээний ихэнх хэсгийг Британийн колоничлолд байхдаа барьж байгуулжээ. Нэг сая гаруй ажилтантай Энэтхэгийн төмөр замын салбар нь дэлхийн хамгийн том ажил олгогчдын нэг юм.
Б.Болормаа