ЗГХЭГ-ын дарга асан, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан. Түүнийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ. Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан нь түүнийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн болгоомжилсноос үүдсэн юм байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийт таван үндэслэлийг тусгасан байдаг аж. Ингэхдээ С.Баярцогтыг тус хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар үргэлжлүүлэн хорихоор болжээ.
Тус хэсэгт, гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж заасан байна. Үүнээс харахад, С.Баярцогтыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, магадгүй мөнгөний эх үүсвэрийг өөрчлөх юм уу, өөр этгээдэд шилжүүлэх байдлаар үйлдэл хийж болзошгүй хэмээн сэрэмжилсэн аж.
Ямартай ч АТГ-ын мөрдөн байцаагчид үүнийг урьдчилан таамаглаж, С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байх магадлалтай бөгөөд харин прокурор уг хүсэлтийг шүүхэд уламжилсанаар шүүх энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Харин С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “Миний үйлчлүүлэгчийг үргэлжлүүлэн хорихоор болсонд харамсаж байна. С.Баярцогт АНУ-д сурч байхдаа хууль сахиулах байгууллагынхнаас зугталгүй ирж, асуудлаа шалгуулъя гэсэн. Мөрдөн байцаалтаас зугтаагүй байхад ийнхүү хорих болсон нь харамсалтай” гэсэн юм. Шүүх үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтад “гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан байдаг байна.