Орон нутгийн малчин иргэд малдаа гараад сураггүй болсон тухай мэдээллийг өчигдөр багцлан хүргэсэн билээ. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн “Эмт” гэдэг газар сураггүй болсон 40 настай иргэн Т /эрэгтэй/-г өчигдөр 15:15 цагт Сайнцагаан сумын “Хайрханговь” гэдэг газраас /гэрээсээ урд зүгт 40 км-т/ эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Тэрээр энэ сарын 4-ний өдрийн 19:00 цагийн үед малдаа явсан бөгөөд 05:00 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Харин Баянхонгор, Говьсүмбэр аймагт сураггүй болсон бусад иргэдийг олсон тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна.
Өнөөдрийн мэдээллээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Баяндэлгэр, Онгон, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан суманд иргэд малдаа яваад сураггүй алга болсон 11 дуудлагыг хүлээн авч орон нутгийн 58 иргэн ажиллаж, 10 том хүн, 6 хүүхэд, нийт 16 хүний амь биеийг аварсан байна.
Мөн аймгийн Дарьганга, Онгон, Түвшинширээ, Халзан, Эрдэнэцагаан суманд малчид малдаа явах, гэрээсээ гараад сураггүй алга болсон 5 дуудлагыг хүлээн авсан аж. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн 40 иргэнийн хамт, нийт 44 хүн 17 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.
Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнэхангай багийн “Мөргөцөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ тус сумын харъяат малчин 53 настай Б /эрэгтэй/, 53 настай Б /эмэгтэй/ нар энэ сарын 4-ний 21:00 цагт мөн л малдаа яваад сураггүй болжээ. Энэ талаар 5-ны өдрийн 12:55 цагт мэдэгдэж, тус сумын 5 хүнэрэн хайх, аврах ажиллагааг 13:10 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 17:50 цагт тус багийн “Мөргөцөг” гэдэг газраас /гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т/ эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Иймд ард иргэд цаг агаарын аюулт үзэгдлийн нөхцөл байдлын мэдээг, үзэгдэх орчны байдлыг тус тус харгалзан, өөрийн эрүүл мэнд амь насаа аливаа эрсдэлээс хамгаалж, аль болох ганц нэгээрээ явахгүй, хол замд гарахгүй байхыг анхаарах хэрэгтэй.