ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Easter Cup 2018” тэмцээнд оролцсон Монгол улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид эх орондоо амжилт арвинтайгаар хүрэлцэн ирлээ. ОУ-ын сагсанбөмбөгийн холбоо FIBA-н ивээл дор зохион байгуулагддаг энэ удаагийн “Easter cup 2018” олон улсын тэмцээнд манай улсын долоон багийн 100 орчим тамирчид оролцсон юм.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 17 насны ангилалд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол охид, хөвгүүд гайхалтай чадварлаг байж хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, хөвгүүдийн 15 насны ангилалд Ундрах дасгалжуулагчтай МУ-н нэгдүгээр баг ганц ч хожигдолгүйгээр аварга болж, Г.Дөлгөөн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч” болсон бол хөвгүүдийн 13 насны ангилалд Д.Отгонбаатар дасгалжуулагчтай МУ-н шигшээ баг хэсэгтээ хоёр оноогоор хожигдсон багаа аваргын төлөө хожиж аварга болсон байна. Мөн 13 насны МУ-н шигшээ багийн тоглогч Т.Тэмүүлэн тоглолт болгон дээр онцгой байж тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдлээ.
Манай багуудаас финалд хүрсэн бас нэг баг нь Б.Өлзийбат дасгалжуулагчаар удирдуулсан МУ-ын 14 насны хөвгүүдийн шигшээ баг байлаа. Тэд аваргын төлөө маш хүнд тоглолтыг хийсэн ч АНУ-ын шилдэг багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медаль хүртсэн юм. Харин Д.Тунгалаг, У.Гэрэлт-Од, Б.Саранцэцэг дасгалжуулагчидтай манай охидын 14 насны баг хожигдох эрхгүй чухал тоглолтод өрсөлдөгчөө илт илүүрхснээр хүрэл медаль хүртсэн юм.