Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэсэн мэдээлэл гарсан. Мөн энэ асуудалтай холбоотойгоор нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийг тагнасан гэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг хянаж байна” гэдгийг мэдэгдсэн.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдээлэл өглөө. Тэрээр “Би мэдэхгүй байна. Гаргасан хэвлэлээс очиж асуу. Би сэтгүүлчдийг тагнах үүргийг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл цацаж байна. Эрдэнэтийн 49 хувь болон С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж байнга ийм зүйл гаргаж байгаа. Есөн сэтгүүлчийг тагнаж, нэг сэтгүүлчийн машины дугуй руу буудаж айлган сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Мөн Мөнхтөр гэдэг өмгөөлөгчийг тагнуулын нууц ажилтан байсан гэж Ц.Нямдорж мэдэгдсэн худлаа зүйлийг бичсэн байсан. Та нар намайг тагнадаг болохоос биш би сэтгүүлчийг тагнаж, гомдоож байсан зүйл миний амьдралд огт байхгүй. Зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн үйл ажиллагаа. Ер нь бол Эрдэнэтийн 49 холбоотой том луйвар. хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн болгоныг ингэж дарамталж байна. Уржигдар Л. Болдыг байцаасан. Өчигдөр Ж. Батзанданг байцаасан. Өнөөдөр миний тухай худлаа мэдээллээ цацаж эхэллээ” гэв.