Онон голын эхэнд алт олборлохтой холбоотой асуудлыг талуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс “Онон гол ба уул уурхай” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онон голын сав дагуух Батширээт, Биндэр, Баян-Адрага, Норовлин, Дадал, Өмнөдэлгэр сумдын ЗДТГ, ИТХ-ын төлөөлөл, Онон-Улз голын сав газрын захиргаа, нутгийн иргэд, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 70 гаруй хүн оролцов.
Уулзалтын гол сэдэв нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Гутайн алтны үндсэн орд байлаа. Тус ордыг “Пегматит майнинг” (өмнө нь “Гутайн даваа” нэртэй байсан) компани ашиглахаар зэхэж байгаа бөгөөд үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм. Учир нь энэ орд газар Онон голын эхэнд байдаг бөгөөд хэрвээ алт олборлолт эхэлбэл Хэнтий аймгийн найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол, улмаар Онон голын сав газрын байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй.
Онон бол олон улсын хамгаалалтад орсон Амар мөрний эх юм. Онон бохирдвол Амарт нөлөөлнө. Үүнээс болж монголчууд олон улсын хүчтэй шүүмжлэлд өртөх төдийгүй оросуудыг хил дагуу алт олборлохоо зогсоо гэж шаардах эрхгүй болно гэдгийг уулзалт оролцогчид онцлон хэлж байлаа. Түүнчлэн Онон голын сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг, тиймээс үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Бахархлаа мөнгөөр сольдоггүй. Алт ухаж болохгүйн бас нэг шалтгаан энэ байв.
Уулзалтад оролцогсод энэ мэт олон асуудлыг илэн далангүй ярилцаж Гутайн алтны ордтой холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Шаардлагад:
“Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас Онон голын савд олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тус бүс нутгийг Улсын тусгай хамгаалалтанд авах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх. Эзэн Чингисийн өлгий нутагт тулгуурласан байгаль, түүхийн аялал жуулчлалыг уламжлалт ёс заншил, ахуйтай хослуулан хөгжүүлэх замаар иргэдийн амьжиргааг тогтвортой, урт хугацаанд өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөл бололцоо Онон голын сав газарт бүрэн байгааг хүлээн зөвшөөрч энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа Монгол улсын Засгийн газраас зарласан аялал жуулчлалын бүс нутаг болгох бодлого, Хэнтий аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэхийг, Гутайн даваа нь Онон голын урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газар нутаг бөгөөд экологийн хувьд нэн эмзэг байгалийн онцгой бүс нутаг тул уул уурхайн аливаа лицензүүдийг нэмж олгохгүй байхыг шаардаж байна” гэжээ.