БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгостой энхийн гэрээ байгуулсны дараа Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын цэрэг тус улсаас гарч магадгүй гэсэн мэдээллийг няцаажээ.
Энэ талаар тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч өнөөдөр мэдэгдэхдээ “Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын зэвсэгт хүчин нь зөвхөн холбоотон хоёр улсын хоорондын дотоод асуудал юм. Энэ нь Умард Солонгостой энхийн гэрээ байгуулагдах эсэхтэй ямар ч холбоогүй” гэж хэлсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх “Foreign Affairs” сэтгүүлд “Хэрвээ Солонгосын дайн албан ёсоор өндөрлөвөл АНУ-ын цэрэг Өмнөд Солонгост байрлах үндэслэл огт байхгүй болно” гэсэн утга агуулга бүхий нийтлэл бичсэн бөгөөд түүний бичсэн нийтлэлтэй холбогдуулан сэтгүүлчид дээрх асуудлыг хөндсөн ажээ. Өмнөд Солонгосын өөр нэг албаны эх сурвалж энэ талаар хэлэхдээ Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн хүч нь зөвхөн Умард Солонгосоос хамгаалах гэж байрлаагүй, мөн Хятад, Япон зэрэг хөрш орнуудын хүчийг тэнцвэржүүлэх зорилгоор байрлаж байгаа гэдгийг тайлбарлажээ. Өмнөд Солонгост одоогоор АНУ-ын 28,500 цэрэг байрладаг бөгөөд Америкийн цэрэг тус улсад 1953 оноос хойш өнөөг хүртэл байрлаж байгаа юм байна.