2014 оны 6-р сард Г.Сарангэрэл гэх эмэгтэй Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг “Би түүнийг сайн ах л гэж боддог байсан” хэмээн зарласнаас Х.Тэмүүжингийн улс төрийн карьерийг дуусгавар болгосон билээ. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Хар тамхи мансууруулах бодис удаа дараа хэрэглэж улмаар шүүхээс ял шийтгүүлж байсан тэрээр саяхан мөн хар тамхины хэргээр баригдсан юм. Тэрээр улсын хилээр бэлэг эрхтэндээ хар тамхи нуун оруулж ирэх гэж байгаад ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад үйлдэл дээрээ баригджээ. Тэрээр А, Г, Э нарын хамт БНХАУ-аас метафетамины агууламж бүхий мөс гэх бодисыг оруулж ирснээ зарж борлуулах зорилготой байснаа саяхан хүлээсэн байна. Түүний биеэс хурааж гаргаж авсан уг бодисыг шинжилгээнд хүргүүлснээр 1971 оны Сэтгэц нөлөөт бодисын жагсаалтад багтсан метафетамины агууламжтай бодис гэдгийг хууль хяналтынхан баталсан байна.
Тоо баримт сөхвөл 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхитай холбоотой 61 эрүүгийн хэрэгт 132 хүн холбогдож хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын шатандаа яваа бөгөөд эдгээрийг насны ангиллаар авч үзвэл, насанд хүрээгүй хүүхэд холбогдсон тохиолдол хоёр дахин өсжээ. Түүнчлэн 19-25 насны иргэд дээрх шалгагдаж байгаа иргэдийн 37,8 хувийг эзэлж байгаа бол 26-35 насны иргэд дийлэнх буюу 88 хувийг эзэлжээ.Зөвхөн энэ оны тоо баримтыг авч үзэхэд, 35 наснаас дооших иргэд холбогдсоныг харж болохоор байна.