Сүхбаатарын талбайд өнөөдөр “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийн үеэр Автотээврийн үндэсний төв иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Тодруулбал, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тус өдөрлөгт оролцож, автотээврийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Энэ үеэр хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах, баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдцийн талаар зөвлөгөө өгөх, явуулын техникийн үзлэгийн талаар үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх аж. Түүнчлэн сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоолгох талаар нэгдсэн мэдээлэл өгөх юм.