Манай улсын газар нутгийн 8.1 хувийг ой эзэлдэг. Гэтэл ойгоос моднуудыг үндсээр нь булгалж нийслэлд авчран суулгах нэрийдлээр булшилж байна гэх шүүмжлэл нэлээд их яригдаж байгаа. Харин энэ талаар албаныхан тайлбарыг өгч байгаа ч зарим хүмүүс тэдний тайлбарын эсрэг байр суурьтай байна. Тухайлбал, хотын гудамжинд ойн мод тарьж буй НЗАА-ны бодлого, үйл ажиллагааг шүүмжилсэн БОАЖЯ-ны мэргэжилтэн Ц.Бямбасүрэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд ажлаасаа халагдсан байдаг.
Тэгвэл тэрээр өнөө орой С1 телевизийн “Цензүргүй яриа” нэвтрүүлэгт оролцож энэ асуудлаар ярилцахаар болжээ. Түүнийг ажлаас нь халсан шалтгааныг яамнаас “Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй хүнийг халж, түүний оронд өмнө нь халагдсан байсан хүнийг шүүхийн шийдвэрээр ажилд нь авсан” гэх тайлбарыг өгсөн байна. Шүүмжлэлийн төлөө юу, шүүхийн шийдвэр үү гэдгийг өнөө орой ой судлаач, иргэн Ц.Бямбасүрэнгийн зүгээс тайлбар өгөх нь лавтай. Түүнчлэн Монголд яагаад мод тарьж ургуулж болдоггүйн учир, уулнаас мод тайрч ирээд хичнээнийг нь хайхралгүй хаядаг гэх зэрэг сэдвээр ярилцах аж.
Маргаан үүсгэж буй гол асуудал бол нийслэлд авчирсан мод ургах чадвартай юу, үгүй юу гэдэгт оршиж байгаа юм.