Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн Токио хотод болж байна. Өчигдөр ОХУ-ын сүмоч Амүрү Мицухиро зодог тайлж байгаагаа мэдэгджээ. Оросын Алс дорнодын Приморийн хязгаарын Лесозаводск хэмээх жижигхэн хотод төрсөн тэрээр мэргэжлийн сүмод хөл тавьснаас хойш 16 жилийг үджээ. Амүрү энэ башёд макүшитагийн 39-т бичигдэж байсан бөгөөд гэмтлийн улмаас цааш барилдах боломжгүй болсон байна. Түүний зодог тайлах ёслол ирэх зургадугаар сард болох юм байна. Николай Иванов буюу Амүрү Мицухиро мэргэжлийн сүмо дахь ОХУ-ын бөхчүүдээс цорын ганц орос гаралтай бөх юм. Түүнээс өмнө Дагестан зэрэг уулынхан байсан бол одоо ОХУ-ын ганцхан бөх үлдсэн нь Буриадын Аврора аж.
Өөрийн төрсөн нутгийнхаа Амур мөрний нэрийг авч, мэргэжлийн сүмод 16 жил барилдсан Амүрү дээд зиндаанд есөн башё барилдаж, маэгаширагийн тав хүртэл дэвшиж байжээ. Тэрбээр санданмэ, жониданд түрүүлж байсан байна. Амүрү хоёр удаа маш том гэмтэл авчээ. Түүний амжилт архаг гэмтлээс болж буурсан байсан. Тиймээс зодог тайлах шийдвэр гаргаж буйгаа ийнхүү мэдэгдлээ.