МЗХ-ны “Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 6 дах жилдээ буюу энэ сарын 19-нд 15:00 цагаас МУИС төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү парад нь унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, унадаг дугуйн зам, тэмдэг, тэмдэглэгээ, зогсоолыг эрчимтэйгээр нэмэгдүүлэх уриалгыг төр засгийн удирдлагуудад хүргэх зорилготой аж. Жил ирэх бүр дугуйн парадад оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд энэ удаад 2000 дугуйчдыг хамруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ийнхүү дугуйн парад зохион байгуулах нь их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодгоороо онцлогтой. Түүнчлэн сүүлийн үед парад гэхээсээ илүүтэй дугуйчдын наадам болон өргөжиж байгаа нь олон хүний талархлыг хүлээж байгаа гэнэ.
Анх 2012 онд Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар авто машингүй өдрөөр зохион байгуулагдаж байсан унадаг дугуйн парад нь уламжлалт үйл ажиллагаа болон өргөжиж, дугуйчин залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэхийг олон нийтэд уриалдаг гол арга хэмжээ болон өргөжжээ.
Парадад оролцогчид анхаарах зүйлс:
-13 дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой.
-Дугуйн парад нь 7 км/ц хурдтайгаар тайван явах тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүлжих, гүйцэж түрүүлэх, 2 гар тавьж явах гэх мэт илүү үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.