Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд 6 дараалан ялжээ. Түүний өрсөлдөгч нь жониданы 17 дахь бөх Рикито байлаа. Хоошёорюү “Өрсөлдөгч маань макүшитад барилдаж байсан бөх тул би ингэж барилдана энэ тэр гэсэн тактик боловсруулалгүй, урагш л довтлох бодолтой байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Түүний дараа дохёнд гарсан Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэ өнөөдөр унаж, мэргэжлийн сумо дахь анхны ялагдлаа хүлээлээ. Наягийн дараалсан ялалт 12 дээр ийнхүү зогслоо.
Ная ялагдсанаар Хоошёорюү ийнхүү түүнээс энэ башёд даагаа нэхэх аргагүй боллоо. Учир нь С.Бямбасүрэн дараа нь унаагүй бөхтэй учраа тааран барилдах юм. Монгол, Японы аваргуудын удмын залуус дунд сургуульд сурч байхдаа болон нэгдүгээр сард шинэ бөхийн чансаа тогтоох барилдаан, Хаврын тэмцээн гээд нийт 3 удаа таарч бүгдэд нь Ная ялж байжээ.