УИХ-ын чуулганы хуралдаанаар эхлээд Монгол Улсын гадаад бодлогын талаарх мэдээллийг хаалттай горимоор сонссон юм. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг, мөн хүүхдийн мөнгөний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ.
Тодруулбал, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, уг төслийг батлав.
Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр нэгтгэн боловсруулсан төсөл нь гурван заалттай, хоёр дахь заалт нь таван дэд заалтаас бүрдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.
Төслийн нэг дэх заалтад өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай, хоёр дахь заалтад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах асуудлын талаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.