УИХ-ын өчигдрийн хуралдаанаар өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгох тухай тогтоолыг баталсан гэдгийг өмнө нь мэдээлсэн.
Засгийн газрын хуралдаанаас 228 мянга орчим хүүхдэд 20 мянган төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмж олгох шийдвэрийг гаргаж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Тиймээс энэ дагуу дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгох юм. Гэхдээ “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж ёсчлоогүй байгаа юм. Тэгэхээр ёсчилсны дараа Ерөнхийлөгчийн тамгын газар руу 24 цагийн дотор илгээгээд Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан хориг тавиагүй тохиолдолд Эрхзүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn сайтад оруулснаар тогтоол хэрэгжих юм байна. Иймд хүүхдийн мөнгийг олгож эхлэх хугацааны тов тодорхойгүй байна.
“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг холбогдох яамд болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хэрэгжүүлнэ.
Та хүүхдийн мөнгө орсон эсэхийг ЭНДЭЭС шалгаарай.