Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс 90 км-т орших Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар энэ сарын 17-ны өдөр ойн түймэр илэрсэн байдаг. Түймрийг унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид, Аврах тусгай ангийн алба хаагчид, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгуудын Онцгойгийнхон, нийт 253 хүн ажиллаж, 29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан бөгөөд энэ сарын 2-ны өдрийн шиврээ борооноор түймрийн тархалт зогссон, захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэдгийг бид мэдээлсэн билээ.
Түймэрт урьдчилсан байдлаар 23922 га талбай шатсан байна. Өчигдөр буюу энэ сарын 4-ний өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэргээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Оюунсанаа, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор түймрийн голомт руу нислэг үйлджээ.