Хятадын зохиолч Зян Рун \”Чонон сүлд” хэмээх зохиолыг Монголчууд ихэд сонирхон унших болсон. Гэвч \”Гэрийн нохойг чоно гэж эндүүрэв үү\” гэсэн шүүмжлэлийг Монголын эрхэм зохиолчид гаргаж байлаа. \”Чоно сүлд\” хэмээн энэхүү зохиолоос хавь илүү. Жинхэнэ Монгол чонын тухай өгүүлсэн Д.Намдаг гуайн \”Хөгшин чоно ульсан нь\” гэх зохиолыг тэд онцолж байлаа. Тэгвэл Д.Намдаг гуайн \”Хөгшин чоно ульсан\” зохиолын хэсгээс хүргэж байна. Та бүхэн уншаад Зян Руны \”Чонон сүлд”-тэй харьцуулалт хийнэ биз.
Зуны дунд сарын арван тавнаа үдшийн сар өндийнхтэй яахан адил байдагсан билээ. Нар жаргахаас аль хэдийн гараад үдшийн цагаан гэгээ тасрах үед бараг тэнгэрийн оронд хадан манхайж байдаг бус уу. Сүүн цагаан гэрэлд нь өвс ургамал, навч цэцэг, уул толгод, дов сондуул цөм бараан сүүдрээ баруун хойш хаян нам гүм нойрсдогсон.
Одоо би ийм нэгэн цаг үеэс эхлэн өгүүлэх зүйлдээ оръё.
Уг газрын байдал хангай говийн зааг, нам доор газар бөгөөд тэр дунд Дулаан хайрхан хэмээх гурван хэсэг огцом оргилтой уул өмнөө байгаа Таргатын тал гэгчийг нам тайвнаар ширтэх мэт бараагнан сүндэрлэнэ. Уг нь энэ уул төдий том биш боловч өвөл, хаврын цагийн хатууд адуу малыг нөмөрдүүлэн бараадуулахад таатай байдаг тул \”Дулаан” гэж нэрлээд зогссонгүй \”Хайрхан” гэдэг хүндэт цол өргөн алдаршуулсан ажээ. Гэтэл бас Дулаан хайрханы дундах оргилын баруун энгэрт дээрээ үй түмэн жилийн турш хурц нарнаа шарагдан элэгдэж, хүрэн өнгөтэй болсон хэдэн том хадтай нэгэн сүрхий ганга байдгийг мөн нутгийнхан андахгүйгээр барахгүй, бага балчир насандаа ишиг хурга асаан, дээр нь эрхлэн тоглож байгаагүй хүн ховор юм. Гэвч эдгээр хаддын нэгний нь доор байдаг харанхуй хөндийн мухарт нэг чоно байрлаад хэдэн жил болж байгааг хэн нь ч мэддэггүй байлаа.
Yнэндээ тэр чоно маш хашир, дээрээ ишиг хурга майлалдан тонгочин тоглоход идэхийг бодохоосоо илүү \”за энэ ч яамай!” гэж бодон уг мухартаа шигдэх бөгөөд, ер нь ан эргүүлэхдээ хажуу хавиргаа хадрахыг цээрлэх тул тэртээ өмнөх Таргатын талыг гүнээ гатлан Жирэмний нуруу, Даравгай, Могой, Дагналтайн дэрс зэрэг газруудад хүрдэг байлаа. Хойшоо гэвэл, Шавартайн дөрөлж, Салхит хад гэгчийг өнгөрөн Yйзэн хүрэн, Арвайн тал, Өлзийт өндөр хүрнэ.
Төрж өссөн нутаг нь гэвэл энэ Дулаан хайрхан мөн. Анх төрөхдөө ар бэлд нь төрөв. Идэр залуудаа эгц цавчим ирмэгт нь орогноод, эцсийн гурван жил арга буюу авирах хөлийн чадал доройтсон учир өвөр энгэрт нь хоргодох болжээ. Эр чадал барагдахын сацуугаар илч дулааны амьсгал хүүршсэн нь жигтэйхэн. Өнгөрсөн өвлийн хүйтнийг арай чарай давсан бөгөөд, одоо ид зуны халуун боловч эрт цагийн байдлаар хэл гарган аахилуулах халууныг үзсэнгүй. Гагцхүү өнөөдөр үдээс хойш ашгүй нэг бие тавигдан халуун болсон боловч, агаар хүндрэн бүгчимдэж, унтаж амрахад нь багагүй саад болсон байлаа. Энэ чухам юуны дохио болохыг мань хөгшин өөрийн биеэр олонтаа үзэн шалгаруулсан туршлагаараа тааварлах ажээ.
Yдшийн цагаан гэгээ тасармагц чийг давсан хөндийнхөө мухраас сугаран гарав. Идэр залуудаа сайх чоно магнай тэнэгэр, хошуу урт, хөл шулуун, тавхай том, биеийн ерөнхий байдал давилуун боловч толгой бөгс, цээж тэнцүү, тэр мөртөө араа соёоны талаар онцгой, хамар ба амны арьс тасан хар болж ирээд ар сэрвээ зоогоо дагасан хүрэн хар өнгийн гоц сайхан сахлаа сортой байсан бөгөөд, энэ бүхний нь хүний байдлаар жишээлэн өгүүлэхэд, гялалзсан царайтай, яралзсан шүдтэй, гунхсан нуруутай, суналзсан гэзэгтэй, эрийн гурван наадамд очвоос түрүүлэх нь эс боловч, үзүүр булаалдах тэнхэлтэй хорвоод хорь гучаар биш, хоёр гурван төдийхөн байдаг сайхан эрсийн нэг гэлтэй. Одоо гэвэл сайх хөгшинд тэр бүхнээс нь үлдсэн юм алга. Нүдний гал бууран, шүдний ир элэгдэж, үс зулбан, зүс зэгэл, эцэж турсны хувьд ясан хэдрэг ээ. Энэ бол байгалийн хууль. Байгаль бол өгье гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь мөн л хайр найргүй буцаан авдаг нь энээ. Нөгөө талаар байгаль, аливаа амьтныг амьдрахын төлөө ямагт зүтгүүлэхдээ амь биенд нь хүрэх аюулт бэрхшээлүүдийг цаг үргэлж тулган, санах, сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах бүх ухааныг олгоод түүнэээ эцэст нь мөн буцаан авдаг хуультай. Энэ ёсоор хөгшин чоно үзэхийн ихийг үзэх завшаандаа ухаарахын ихийг ухаарав. Гэвч энэ ухаанаа байгаль авгайд алдаагүй байгаа бөгөөд алдахаасаа өмнө нас барах ч байж мэдэх юм
Хөгшин чоно алгуур дээш авиран хадны оройд гарч, толгой дээш татан тэнгэрийн байдлыг ажив. Дулаан хайрханы зүүн талын шовхны цаанаас навсарсан хар үүлний түрүүч цухуйх аж. Хөгшин боохой \”Ээ тийм, үдээс хойш бие минь айхтар чилээрхсэний учир энэ. Одоо удахгүй түр зуурын ширүүн бороо орох нь лавтай. Ээ дээ энэ далим анд гарваас ам тосдох олз ч аяндаа шүү дээ!” гэж бодов. Дараа нь хойд борви нугалан оцойн сууж яар нэг зөн совин татахыг хүлээн тэнгэр ширтэв. Гэтэл ямар нэг зөн совин татахын оронд дээрх сар манхайхаараа манхайж, идэр залуугийн нь бахдалт явдлуудаас баахныг санагдуулав. Ингээд \”явъя” гэж шийдэн улилаа.
Улих дуу нь ер чанга биш, хоосон торх салхинд дуугарах мэт ёнгинох боловч хадны цууриа дамжуулан бүхний сонорт хүргэх ажээ. Гэвч бас тэр улилт учиртай: \”Явъя та минь, явъя!” гэж дахин давтан дуудах нь тэр байлаа. Хариуд нь баруун шовхын оройгоос идэр залуу чоно хүнгэнүүлэн улив. Дараа нь хөгшин чонын эрт урьддаа оршиж байсан дунд уулын ар бэлээс нэгэн өлөгчин чоно адтай нь аргагүй жингэнэн улисан бөгөөд тэр далимд бяцхан бэлтрэгнүүд нь дагалдан жингэнэлдэнэ. Хамгийн эцэст зүүн шовхын энгэрээс эмгэн чоно дорой дуугаар арай ядан улив. Ер эдгээр чононуудын ийнхүү ээлж дараалан улихын учир гэвэл, өвгөн чонын \”Явъя, таминь явъя!” гэсний хариуд \”Тэгьеэ, таминь, тэгье!” гэсэн хариу байлаа.
Хөгшин чоно хальтрахаас болгоомжлон хөлөө аажуухнаар зөөн тавьсаар доош буулаа. Аадар бороо ч үнэхээр орох аж. Зүүн хойд зүгээс цухуйсан үүл тэр зүгээ бүрэн эзэлж, түүний аясаар агаар улмаар хүндэрч өтөл хөгшний чилээрхсэн биеийг ядраахыг хэлэх үү! Гэвч дотор нь олз омог, ам тосдон гэдэс цадах явдал эргэлдэнэ.
Уулын бэлд буумагц газрын хөрс зөөлөн бор харгана ба нарийн цахилдгийн бутад залган авч үргэлжилнэ. Энэ дундуур минь хөгшин биеэ сул тавин шог шог шогшино.
Ер үүгээр явсан нь тоогүй олон бөгөөд явах бүрдээ тогтмол нэгэн бутан дээр хаяглан хурц шигтгээ шингэдэг байлаа. Одоо мөн тэр бутан дээрээ очиж хошуугаа шургуулан сайтар шалган шиншилж үзсэнээ ахин бас хаяглав. Энэ нь чухамдаа эргэх замдаа үнэр хөөн ул мөр хөөхөд нь хэрэгтэй байдаг байжээ.
Хойд уулнаас ардаа таван бэлтрэг дагуулсан идэр насны гичий айсуй явлаа. Энэ бол түүний отгон охин бэлтрэг. Дөрвөн жилийн өмнө эхээс долуул төрсний хоёр нь өсөн торнихоосоо өмнө үрэгджээ. Бусад нь аятай таатай өссөнийхөө эцэст эр нь эмийг, эм нь эрийг даган алга бол болсоор үлдсэн нь энэ бөгөөд үнэн чанартаа гэвэл энэ нь азарган чононд үл тоогдон байн байсаар өнгөрсөн жил айхтар ширүүн онгод орсны эрхээр дур мэдэн давхиж яваад, хаа газрын нэг юмтай нөгцөж, тэндээс дагуулж ирсэн аж. Yүнийг хараад хөгшин чоно ашгүй чи бэлтрэгнүүдээ дагуулаад ирэв үү. Болж дээ. Ер одоогоос эхлэн алст гарган ан ав эргүүлэн амь зуухыг сургахгүй бол хэзээ билээ дээ гэж дотор тэнийв. Тэгээд тэр гичийг ирмэгц хөгшин чоно ан хамры нь үнэрлэн долоов. Энэ нь гэвэл үрээ үнэсэн таалж байгаа нь бөгөөд бэлтрэгүүд өөрийн нь тойрон биенд нь асан авиран ноолох нь мөн ч хөгшин эцэгдээ эрхэлж байгаа болох тул тэр бүхнийг өхөөрдөн ажиглана.
Охины дараа залуу азарган ирэв. Тэрээр толгой лантгар, хошуу шантгар, цээж занхгар, бөгс тонтгор, тэр мөртөө хэл богино. Yзтэл өө зөөгий нь зассан шагай шиг боловч үнэн чанартаа чонын ухаан охор, хөл хөдөлгөөн муутайн шинж тэмдэг бөгөөд гэтэл бас зан байдал базаалтай биш, хүнээр жишээлбэл: ам бардан, ажилд муу, идэх унтах талаар хэнээс ч илүүтэй ийм нэгэн өөдгүйхэн амьтан байжээ.
Эд бүхний эцэст өлөгчин нь айсуй явлаа. Түүний бие тун ч эцэнхий, ёстой өнгө зүсээ алдаж арьсанд хучигдсан хэдэн хэлхээ яс гэгч тэр байлаа. Шог шог шогшиход нь хамар нь гудчин дуугарав. Баруун хойд талын хөл ямагт дутуу гишгэх тул газар хороохдоо ч муу ажээ. Энэ хөл дөрвөн жилийн өмнө отгон охиныг хэвлийд олсны дараахантай хавханд орсон юмсанжээ. Тэр үедээ ид нас нэлээд хэвийсэн цаг байсан боловч хүч чадал ямар байсныг одоогийнхтой зүйрлэж яавч үл болно.
Тэр цагаас хойш энэ эм чонын бие өөдөлсөнгүй эцэн цуцах, өлсөн цангах, дааран дагжих аюултай бүхнийг үзэх болсоон. Харин эрт урьддаа хэчнээн цог золбоотой тул сайхан өлөгчин байсныг одоо хөгшин чоно л сайн мэднэ.
Хөгшин чоно эм юугаа хүрч ирэн: \”Ёо ёох” дуу алдах байдлаар хойд хөл дээрээ оцойн суухад: \”Ээ эмгэн чи намайгаа үүрд баясган баярлуулагч шүү дээ” гэх байдлаар угтан авч илэн таалав.
Yнэн чанартаа энэ өлөгчин үүрд баясган баярлуулагч биш, харин энэ хорвоогийн хамаг хатуу ширүүнийг өмнө нь тулган үүрүүлэгч байж мэднэ. Учры нь тайлбарлан таниулах гэвээс өнө эртний түүхт амьдралаас нь аван хэлэх хэрэгтэй юм. Иймд тэр зүйлийг дараачийн хэсэгт оруулъя.
* * *
Одоогоос долоон жилийн өмнө билээ. Өвлийн идэр ес дундаа гялалзаж байх үеэр ар хойд зүгээс ардаа арван хэдэн омог чоныг дагуулсан нэг айхтар өлөгчин Дулаан хайрханд иржээ. \”Өлөгчин” гэдэг үг хүмүүсийн сонорт ямагт олиггүй сонсогддог үгсийн нэг мөн боловч чонын хувьд \”үзэсгэлэн гоо” гэх мэтээр сонсогдох гоёмсог үгсийн нэг мөн. Уул өлөгчний хошуу шовх, хүзүү урт, хөл цэх болоод зэнзгэр, ер биеийн ерөнхий байдал урт бөгөөд бөгсөн бие бүдүүвтэр тул айван тайван гишгэлэхэд бүх бие нь аяндаа гулбилзаа. Хурдлахын хувьд бүр ч онцгой, харвасан сум шиг сунайна. Иймд энэ өлөгчин ёстой үзэсгэлэн гоо өлөгчин юм. Төрсөн нутаг ар хөвч хангай болох тул нам дор газрын Дулаан хайрханыг дов товцог төдийд үзсэн ч байж мэднэ. Араасаа дагасан арван хэдэн эрсийн хүчийг шавхан гурван хэц оргилоор дамжин харайлгахад уг нутгийн эрэлхэг эзэн /одоогийн хөгшин чоно/ анх олж харан сэтгэл автагдав. Yнэн чанартаа гэвэл, үүрд үл хагацах үйлийнхээ үртэй уулзалдах нь тэр ээ.
Өлөгчнийг үүр шөнийн завсраар Дулаан хайрхнаас зүүн урагш салхи сөрөн харайлгахад сайх чоно өөрийн эрхгүй дагав. Бусад дагагсад мөш дагасан хэвээр бөгөөд хоорондоо эв түнжин маш муу, өлөгчнөө булаалдан бие бие рүүгээ ямагт архиралдан дайралцана. Тэр мөртөө шинэ нэмэгдэж байгаа нэгийг тус бүрнээ ад үзэн бүүрэлхэх ажээ. Иймд мань эр тэр дунд ганцаараа, ёстой л нэгийгээ үзэлцэн нимгэн арьсаа уралцах цаг иржээ.
Эхний ширүүн тулалдаан өдөр дундын алдтай болов.
Анх өлөгчнийг Дулаан хайрханаас үүр шөнийн завсраар жавар сөрөн гарахад мөн өөр бусадтай ухаан жолоогүй тэмцэлдэн байж өлөгчний дараа орсоон. Өөрт нь хадгалагдаж байгаа бяр чадал өлөгчнөөс түрүүлэхэд бэлэн байвч, сүүл даран дагаж аахилах амьсгалах амьсгал анхилах үнэрий нь амтлахыг эрхэмлэнэ. Энэ үедээ амьдралын өмнө өлсөх цангахаас аваад үхэл мөхлийн аюул ямагт хүлээж байдгийг мартжээ. Тэр байтугай төрөлхөөс заяагдсан сонор сэрэмж, бодол болоомж цөм алга болжээ. Ухаан мэдрэлд нь ганцхан өлөгчин, өлөгчний гоо сайхан бие. Ингэж чоно тачаал шуналын ширүүн галд уналаа. Тачаал, шунал хэчнээн их болохын хэрээр хармын сэтгэл төчнөөн бий болох тул өлөгчнийг бусдаас харамлан үс арьсаа уралцах юу ч биш болсноор барахгүй хамгаас аюултай гэж үздэг хүн өөд дайрахаасаа буцамгүй болжээ.
Yүнээс өмнө бусад чонууд өлөгчнийг гурав дөрвөн хоног дагасан учир тус бүрнээ баахан сульдсан аж. Тэдний дунд нэг эхээс зулай зулайгаа гишгэн гарсан ах дүү хоёр явж байлаа. Түрүүчийн өдрүүдэд тэр хоёр бусдаас давуу бяр чадалтайгаараа түрүү барин өлөгчний архантай явдаг байв. Гэвч хоор зуураа мөн ч хэрүүл тэмцэл. Өлөгчинд ухаан жолоогүй санаархсанаараа ураг төрлийнхөө халуун барилдлагааг аль хэдийн мартсан төдийгүй алалцахаас үл буцан уралцана. Гэлээ ч тэд бусдын эсрэг хандахдаа эв санаа нэгдэх тул цөм айн сүрддэг байлаа. Харин өнөөдөр тэд Дулаан хайрханы хүүд өөрийн эрхгүй ялагдсан мэт ард нь гуч дөчин алхмын зайтай бухимдалцан явах ажээ. Бусад нь мөн тэдний ард, бараа бараагаа харах төдий цуварсан байх бөгөөд эцсийнх нь бүр бараагүй хол газар хаягдсан ажээ.
Эцэж цуцахыг үл мэдэх нь ганцхан өлөгчин. Байгаль түүнд гоо сайхныг бэлэглэхийнхээ зэрэгцээгээр хүч чадлыг давхар хайрласан нь илэрхий. Нөгөө талаар мөн байгаль, чоно болгонд өвөл цагийн хатуугаар далимдуулан онгон сахиус мэтийг оруулахдаа хүч чадлыг эрхгүй нэмэгдүүлдэг боловч мань өлөгчинд хэт давууг олгосон ч байж мэдэх юм. Дулаан хайрхнаас үүр шөнийн завсраар зүүн урагш жавар сөрөн харайлгасан нь бол ухаан мэдрэлд нь хэн бүхэнд гайхуулан бардамнахын хий хэнээрхэл, халуун шунал шингэснийх бөгөөд аахилан давхих зуур амнаас нь гарсан халуун амьсгал хүйтэн жаварт дорхноо хөлдөж цээжин бие нь цан хүүргэнд бүрхэгдэвч өнөөх халуун шунал нь эс дарагдана.
Хайрган хөрст хүрэн бор өнгийн тал хөндий, шил нуруудыг огтчин тэнхээ мэдэн давхисаар хоёр өртөө шахам явсныхаа эцэст нимгэн цасанд хучигдсан мэл цагаан тал залган авахад сая зогслоо. Энд хэдэн хоногийн өмнө бага зэрэг цас орсны дараа салхи савир хөдлөөгүй тул өмнөх тал дун цагаанаар эргэлдэнэ.
Дулаан хайрханы хүү дэргэд нь бөгөөд түүнд өлөгчнөөс ханхлах шүвтэрлэх үнэр идэр насны нь ширүүн тачаалыг түймрийн дөл мэт дүрэлзүүлнэ. Хүн төрөлхтөн үнсэлцэхийг хайр дурлал ба энхрийлэл эрхлүүлэхдээ хэрэглэдэг бол чоно үнсэхийн оронд үнэрлэх ба долоохыг хэрэглэнэ. Энэ ёсоор Дулаан хайрханы хүү өлөгчнийг үнсэн таалах гэвэл өлөгчин өөдөөс нь хар яр архиран дайрав. Дулаан Хайрханы хүү, хариу эсэргүүцэл тавьсангүй, гаслах төдийхөн хойш ухарч, хойд хөл дээрээ оцойн суув. Сэтгэл гэвэл бөөн гуниг, өлөгчнийг чухам яаж аргадах билээ гэхдээ хамраараа гийнэн гаслав.
Гэтэл ах дүү хоёр ирж хоорондуур нь орлоо. Yзтэл өлөгчин тэднийг дотночлох аж. Хошуу амаа цавь суганд нь хүргэн дур зоргоор аашлахы нь хүртэл таашаана. Хажууд нь мөн Дулаан Хайрханы хүү, атаа хорсол бухимдлаар сэтгэл нь буцалж, уруул ам нь аяндаа шазалзан таталдана. Гэтэл ах дүү хоёр дорхноо эвдрэлцлээ.
Архиралдах дуугаараа өлөгчнийг \”Минийх! Минийх!” гэж булаалдана. Араа соёогоо ярзалзуулах нь \”арьсы чинь урна, хуулна!” гэж байгаа нь тэр. Бие бялдар бяр чадал тун тэнцүү тул ана мана авалцана. Хажууд нь өлөгчин хоёр сүрхий эрийг ийнхүү уралцуулж байгаадаа бахархан ажиггүй ширтэнэ. Нөгөөтэй нь Дулаан хайрханы хүүгийн сэтгэлд нь: одоо энэ хоёртой чинь үзэлцэх цаг болсон бус уу гэдэг нэгэн мэргэн бодол төрөв. Гэхдээ бас ч эхлээд нэгий нь нөгөөтэй нь элбэн тасалж хаяна дараа нь үлдсэнтэй нь! гэж бодсон нь ёстой чонын ухаан биз. Ийнхүү шийдмэгц уур омог нь дүрсхийн бадарч, сэрвээний нь сор аяндаа босов. Ганцхан үсрэлтээр тэрбээр нэгний нь сэрвээнд хүрэн араа соёогоо шигтгэж амжлаа.
Гэвч уг хэрэг дорхноо бишидлээ.
Ах дүү хоёр гэнэт эвлэн мань эртэй тулалдахаар зэхэв. Эдний өмнө зориг төгөлдөр үзэлцэж байтал нэг мэдэхэд тэд хоёул биш гурвуул болов. Гурвуулантай нь үзэлцэж байтал дөрвүүл… дөрөв дээр бас нэг нэмэгдсэнийг хэлэх үү!
Хойно хойноосоо цуварсан чононууд гүйцэн ирэхтэйгээ зэрэг ганцхан түүний эсрэг зогсов. Дунд нь тэрбээр ганцаараа. Ойсон үсэрсэн хөлийн чимээ хөлдүү газрыг дүчигнүүлэн доргиож, архирах гаслах авианд нь агаар харжигнан нажигнана. Дулаан хайрханы хүүгийн нүдэнд үзэгдэхээс нэлдээ арзалзсан шүд. Тэр дундаас хамгийн аюултай нь соёо! Соёо бол чонын урдаа барих зэвсэг. Өөрийн амь биеийг хамгаалахаас эхлээд өөр бусдыг алах аврахыг гагцхүү соёогоороо шийднэ. Иймд одоогийн энэ тулалдаанд үс зулгарах, арьс язран урагдах, мах тасарч яс бэртэх, цус урсах цөм юу ч биш бөгөөд хамгийн аймшигтай нь гэвэл нийт таван чоно нэг рүү бүүрэлхэн дайрч байгаад оршино. Энэ ширүүн тулалдаан чухам юунаас болов оо гэвэл мэдээжээр өлөгчнөөс! Өлөгчнийг булаалдсанаас тэр!
Гэтэл өлөгчин эднийг ийнхүү хэрэлдүүлэх боловч болиулахаа мөн чаддаг аж. Тэрээр өмнөх тулалдааныг ажижи байснаа гэнэт хаян мэл цагаан тал руу харайлгав. Энэ нь олны дунд өөрийн эрхгүй ганцаардсан Дулаан хайрханы хүүг аврах гэсэн сэтгэл ч байж мэдэх юм. Овооролдсон чононууд улайрсан тэмцлээ даруй орхин өлөгчний хойноос дагав. Эцэст нь Дулаан хайрханы хүү, хэт үнгүүлсэн биеэ дааж ядан газраас арайхийн босож аваад мөн л хойноос нь зүтгэлээ. Саяын тулалдаанаас олсон шарх сорвио тэр үл анхаарна. Зарим газар арьс урагдан мах тасарч, цус дусалж, цагаан цасан дээр улаан толбо бялтах аж. Харин аманд нь цус амтагдах нь өөрийнх биш бусдынх. Бусдын бие махбодод мөн ч багагүй гэмтэл учруулсан байлаа. Араа соёонд нь бөөн бөөн үс хялгас зууралдан хэлтэй нь ороолдоно. Түрүүлэн одогсдын мөрийг хөөхөд мөн л цус, улаан толбос үргэлжилнэ. \”Ингэхэд одоо өнөөх үзэсгэлэн гоо өлөгчин хаа яваа бол!” гэж бодон алсын барааг ширтэхэд бараа алга, түүний оронд мэл цагаан тал цэхэлзэн цэлийж, өдөр дундын цагаан шаргал нар нүд царгин гялбуулна. Эргэж харвал өөрийн бие бас ч адагт яваа биш, өглөөний ард хаягдсан хэсгийн түрүүч амьсгаадахын ихээр амьсгаадан айсуй явна. Эцсийнх нь гэвэл нүдний үзүүрт дэнгэн данган сүүмэлзэнэ. Эднийг бодвол тэрбээр ягтаа тулах яагаа ч үгүй, хүзүү урагш сунган сүүл хойш хаян харайлгана. Түрүүчийн түрүүлсэн хэсгийг нэг нэгээр нь гүйцэн өнгөрөх боллоо. Ард хоцорсон бүхэн архиран хөндлөнгөөс саатуулахыг оролдоно. Хариуд нь тэрбээр одоо надад чамтай тэгж дэмий ноцолдох зав алга! гэх байдлаар ажиггүй өнгөрнө. Ингэснээрээ мань эр өөрийнхөө хамгийн заналт дайсан ах дүү хоёрыг гүйцэх дөхлөө. Шүд зуун хурд нэмж хажуугаар нь өнгөрвөл нөгөөдүүл нь дэмий л гаслалдан гингэнэж хоцров. Гэлээ ч өлөгчин алгаа! Нимгэн цагаан цасан дээр ул мөр нь дурайхаараа дурайж, ухаан алдам сайхан үнэр нь ханхлахаараа ханхалж байвч үзэсгэлэнт гоо бие нь ор сураггүй ажээ.
Тэгээд цааш хурдлах газар ахиулах нөхцөл алга.
Уушгинд багтарсан халууныг өвлийн хүйтэн газар амьсгалах тутам сэрүүцүүлж байвч зүрхний ширүүн цохилтонд халсан цус бүх биеийг бадайруулан лугших бөгөөд түүний аясаар толгой мансууран нүд эрээлжилнэ.
Хаа нэгтэйгээс өлсгөлөн хоёр хон хэрээ гарч ирээд дээр нь эргэлдэв. \”Хон хон” гуагалах нь: \”Хөөе хөөе энд ойрхон амтат зууш хүлээж байна шүү” гэж байгаа нь тэр аж. Yүнийг мань эр эс хайхарсан бөгөөд цааш жаахан явтал баахан гөрөөс урдуур нь ороон үелзэн давхив. Уг нь энэ бол үнэхээр амтат зууш мөн боловч мань эр одоо идэхийн төлөө биш, үзэсгэлэн гоогийн төлөө явах тул түүнийг эс тоомсорлов. Иймд хоёр хэрээ гомдолтой нь аргагүй өөр тийш оджээ.
Өдрийн турш харайлгаад мань эр өлөгчний барааг олж хараагүй билээ. Гэвч түүнийг орхих сэтгэл төрсөнгүй, яв явсаар нар шингэхийн алдтай алс тэртээд цэнхэрлэн сүүмэлзэх урт шилээр даван далд орохыг нь ашгүй нэг олж харлаа. Дараахантай нь оройн сэрүүн бууж үдшийн жавар залган авсан нь мөн ч таатай. Амьсгалаас савсах халуун уур дорхноо цан хүүрэг болж уруулын сахал, нүдний сормос, сээр сэрвээний сор цөмийг бууралтуулж, цээжинд багтарсан бүгчимдэл амсхийв. Сэтгэлд ер ингэж яваа нь эр биеийг олж төрөөд идэр насанд хүрсний ганц гавъяа гэж бодогдоно. Хөндлөнгийн амьтан хажуугаас нь харваас: эрүү юугаа сул хаян ангайж, нимгэн улаан хэлээ төө шахам унжуулсан бөгөөд хурц шүднүүд нь арзайн гялалзахын хамт айхавтар дөрвөн соёо нь хоор зуураа хавиралдан зөрөлдөнө. Гэтэл бас гоолиг биеийнх нь цээжин тал өдрийн ширүүн тулалдаанд өөрийн ба бусдын цустай хутгалдсан нь одоо, амьсгалын цан хүүрэгт дарагдан ягаан, цагаан өнгөөр солонгорсныг хэлэх үү. Адгуусан амьтдын дотроос орсон буурнаас бусад нь цөм айн сүрдэхэд хүрнэ.
Шөнө дундын алдтай өлөгчнийг бяцхан бор толгойн оройд гаран хоноглож бүхийд тэрбээр гүйцэн очив. Өлөгчинд яаран халдаж үл болохыг өдрийнхөө туршлагаас мэднэ. Гурван алхмын зайтай оцойн сууж ханхлах үнэрээр нь сэтгэлээ хуурна. Өлөгчнийг хөл жийн эрүүгээ дээр нь тавин сунан хэвтэхэд мань эр мөн тийш хэвтэв.
Энэ шөнийн жавар маш их, түүний аясаар тэнгэрт гялалзах одод нүдний нь өмнө байгаа мэт тусна. Доод газар тэс хөлдүү, халуун биеийг хайрах дашрамд сэвэлзэх салхи цантсан цээжний сорыг эрвэлзүүлэн хөдөлгөнө. Энэ бүхнийг таашаасаар таг унтаж орхижээ.
Yүр шөнийн завсраар сэрэхтэйгээ зэрэг аньсан нүдээ хуулан өлөгчнийг харвал тэр нь уг хэвтсэн газраа нам тайван унтаж байгаагаас гадна өчигдрийн ард хоцрогсод гүйцэн ирээд тойрон хэвтсэн үзэгдэв. Тэр дунд заналт ах дүү хоёр, өлөгчний архантай сүүл дэрлэн хэвтэж байгааг харсан мань эрийн уур хүрч уруул ам нь аяндаа шазалзав. Гэтэл бас нөгөөдүүл, цөм сэрүүн, бие биеэ хулгай нүдээр занан ширтэлцэх ажээ. Тэгээд өлөгчний сэрэн босоход тус бүрнээ архиралдан босон харайлаа. Ингэж чононууд өглөө бүр уралцдаг байсан бол өнөөдөр өлөгчин, уралцах завдал өгсөнгүй, жавар сөрөн давхиж гарлаа. Араас нь бүх дагагсад яаран харайлгав.
Энэ зуур Дулаан хайрханы хүү өнөөдрийн хувьд омог бардам өлөгчний араас хэрхэвч салахгүй гэдэгт бат итгэж байсан бөгөөд тэгээд тэр итгэлээрээ үсрэн харайх гэтэл бие маш хүнд, үе болгон царцсан мэт хөшилдөхөөс гадна энд тэндгүй эмзэглэн хөндүүрлэнэ. Гэтэл бас хөлийн дөрвөн тавхай бамбалзан гишгэхэд бэрхтэй болсныг хэлэх үү. Өөрийн эрхгүй ард хаягдлаа. Энэхэн зуурт өлөгчин эрүүл чийрэг дагагсдынхаа хамт ёстой талийн оджээ. Гишгэсэн мөр нь өмнө дурайвч эрхэм бие нь нүдний үзүүрт сүүмэлзэнэ. Мөнөөх чоно бүх зориг чадлаа дайчлан нэг үе хайр найргүй харайлгаж үзэв. Дараа нь хатирч үзэв. Дараа нь шогшиж үзэв. Yнэндээ алин нь ч үл болох тул арга барагдан нэг үе зогсов. Тэр зуураа өлөгчнийг хаа явааг ахин ахин ширтвэл ор тас алга. Зөвхөн үлдээсэн мөр нь дурайхаараа дурайж,үнэр танар нь ханхлахаараа ханхална. Хажуугаар нь бас бусад атаатнуудын мөр, үнэр уур хилэнг нэмэн нэмэн төрүүлэх тул мөн л урагш тэмүүлэн зүтгэлээ.
Нэг мэдэхэд өдөр дундаасаа өнгөрчээ. Энэ зуур тэрбээр үүр цайх, нар гарах, нар хэрхэн дээш хөөрсөн зэрэг бүх өөрчлөлтүүдийг ер анзаарсангүй. Сэтгэлд нь дан атаа хорсол, хүсэл мөрөөдөл эргэлдсэн учир өөрийн бие хаагуур явсан, замд юу юу дайралдсаныг үл мэднэ. Эцсийн удаа ардаа нэг амьтны хөлийн чимээ гарахыг мэдэн эргэж харвал аль өчигдөр өглөөний ард хаягддагсдаас нэг нь айсуй яваа үзэгдэв.
Yзтэл тэр нүсэр том цээжтэй боловч гахай шиг түгдгэр бөгөөд ер хошуу толгой, хөл хүзүү цөм гахайн шиг бүдүүн болхи тул өнөөх үзэсгэлэн гоо өлөгчинд хэрхэвч үл тоогдохоор байлаа. Гэвч өөрийн сэтгэл нь өлөгчинд бусдын нэг адил булаагдсандаан даган харайлгаж гурав хоножээ. Yнэндээ өлөгчний өмнө хүрэлцэн очсон удаа нэг ч үгүй, ямагт ард хаягдан бараа болон явсан бөгөөд эцэст нь хөл улдан ягдан яваа нь энэ ажээ. Гэлээ ч тэр Дулаан хайрханы хүүгийн хажуугаар хэнэггүй өнгөрөв.
Цаашдаа мань Дулаан хайрханы хүү мэл цагаан талын дунд гав ганцаараа болж, гэлдрэх шогших хоёрын хооронд сажилсаар өдрийг авав. Тэр зуур бие халууран арьсаа хуулуулсан мэт дааран чичрэв. Yдшийн бүрийд тэнхэл бүрэн барагдаж нэгэн бутны ёроолд цагариглан унаж сарьсан хамраа цавиндаа шургуулав.
Уг нь сайх чоно, зун байсан бол одоо мөн ч олныг бодон зовиурлах байсан биз. Гэтэл бодсон ч юмгүй зөвхөн дагжин чичирч биеэ чагнан ухаангүй унтжээ. Өглөө сэрвэл нар аль хэдийн дээр гарсан байлаа. Мэл цагаан тал нүд гялбуулан гялалзана. Цавиндаа шургуулсан хошуугаа сугалан авмагц тунгалаг агаар хамарт нь сэнгэнэж нозоорсон биеий нь сэргээв. Энэ даруй сэтгэлд нь өнөөх л өлөгчин! Өнөөх үзэсгэлэн гоогийн ул мөр хаа блээ? гэдэг бодол сэтгэлий нь эзэмшинэ. Шөнөдөө салхи хөдөлж, ул мөрийг балласан байх тул тэрбээр газар шиншлэн үнэр хөөх хэрэгтэй болов. Гэтэл бие маш хүнд байгаагаас гадна хөлийн тавхайнууд бүр ч хүнд болсон байлаа. Гэлээ ч арга буюу мань эр урагш ганцхан тэмцэж зүтгэнэ.
Нэг мэдэхэд урд хөлийнх нь тавхай хагаран цусан зам татуулав. Дараа нь нөгөөх нь хагарав.
Энэ бол түүнийг шууд \”зогс!” гэсэн хатуу тушаал мөн болох тул аргагүй ядарсан биеэ газар хаян сунан хэвтэв.
Чоно бол нэг ёсны гунин гутрахыг үл мэдэх амьтан юм. Гэвч тэрбээр хоёр нүдээ тас анин үхсэн мэт хэвтэх нь гунин гутарч байгаа нь ажээ. Нүдэнд нь өлөгчин, өлөгчний цог жавхлан, түүний суух, босох, архирах, сунан харайлгах энэ тэр нь үзэгдэнэ. Энэ бол түүний хамгийн ихээр гунин гутарч байгаа нь байлаа.
Гэвч мань эр тэр дорхноо өлөгчний тухай бодохоо болин биеэ хумьж аваад хөлийнхөө хагарсан тавхайг долоолоо. Ингэснээр өвчин нь намдаж эдгэрэх тийш хандсан бөгөөд нөгөө талаар биеийн халуун арилсан тул шөнөдөө тун сайхан нойрсов. Гэтэл бас зүүдэлсэн зүүд хачин сайхан! Yл таних нэгэн асар өндөр уулын оройд өлөгчинтэй хөөцөлдөн давхиж адгуусан амьтдыг барьж байгаа нь энэ билээ гэж ноцолдон ноололдон тоглов. Алс тэртээх уудам цагаан тал руу харахад дөрвөн хошуу мал багшран бэлчээрлэж үзэгдэв.
Нэг мэдэхэд өөрөө тэр талын дунд. Харин бэлчээрлэсэн мал алга. Оронд нь дан гөрөөс. Харах зүг бүхнээ гөрөөс үелзэн давхина. Тэрбээр нэг тарган ооно сонгон авч тасдан хөөв. Оонын тарган бөгс нүдний нь өмнө ондгонон гялалзана. Түүнд хүрэн хүрэн алдах нь тун тодорхой байх бөгөөд түүн рүү улайран мэрийсэн нь хачаан. Амьсгаа давхцан хөл цуцаж, алдахын даваан дээр хөндлөнгөөс өлөгчин чоно гэнэт гарч ирэн залган авч хөөв. Амьсгаа дарах зуураа ажихад өлөгчин, ооныг мөн л гүйцэх шахан шахан харайлгана. Yүндт үүний сэтгэл догдлон донсолсон нь бүр ч жигтэйхэн. Ер ийм баяр бахдалтай сайхан амьдралыг хэзээ ч үзээгүй аж. Дараа нь ооныг өөрөө сэлгэн авч хөөгөөд дорхноо гүйцэн эд бад хийж авсан бөгөөд халуун оонын зузаан гуянд өөрийн хурц соёо орох, амтат халуун цас аманд аяндаа орж ирэх, ооно газар тэрий буун унаж, дөрвөн хөлөө тэрийлгэн тийчилсэн зэрэг бүх явдал зүүд гэж үзэхийн аргагүй тодорхой. Ер ийм баяр бахдалтай ан агналтыг анх удаагаа л үзэх нь тэр ээ.
Зүүд ингээд гэнэт замхарчээ.
Тэжээл эрсэн бяцхан бор туулай бут руу нь санамсаргүй орж ирээд мань эрийг үзмэгц цочин суга үсрэхдээ түүнийг мөн цочоо амтат сайхан зүүдий нь тасалжээ.
Туулай зугтаж явахыг мань эр үзээд, пал хийсэн зүрх нь тайвшрав. Энэ үед үүр цайж тэнгэрийн зүүн хаяа манхайн шарлаж байлаа. Тэрбээр босохын оронд өчигдрийнхөө долоож байсан хөлийнхөө тавхайг ажиглан давхин долоов. Цаашдаа ч тавхайгаа байн байн долоосоор өдрийг барав. Yдшийн гэгээ тасарч од мичид ид гялалзмагц цээжээ өндийлгөн алгуурхнаа босов.
\”За одоо төрсөн өссөн нутаг минь хаа билээ?” гэх мэт толгой өргөн эргэн тойрныг ажиглав. Yзэгдэхээс цагаан тал мэлийнэ. Энд ягдан хэвтэж байх зуур ширүүн салхи хөдөлж, урьдын явсан ул мөр цасанд хучигдан баларсан байлаа. Yнэн чанартаа тэрбээр гайтай хар өлөгчнөөс болж ёстой хүний нутаг гүний газар зоогдсон хэрэг мөн. Гэвч сэтгэлд нь тийн бодогдох юм алга. Доош бөхийн газар шиншилж, өөрийн ба бусдын явсан мөрийг олж авахтайгаа зэрэг өлөгчний хойноос явахаар шийдлээ.
Эхлээд хашир хөлийнхөө тавхай ажиглан гишгэлснээ шогшиж гарлаа. Хагарсан тавхай нь эмзэглэхээр бага, доош буусан цус нь нэгэнт юүлэгдсэний хувьд хурдлан давхихад бэлэн байлаа.
Урагшлах тусам өлөгчний үнэр ханхлан ухаан мэдрэлийг согтууруулна. Түүний хажуугаар бусад дагагсдын эгдүүтэй үнэр үнэртэж уур бухимдлыг төрүүлнэ. Нөгөө талаар давхих тусам бие хөнгөрөх тул мань эр харайсаар л байв. Тэр өдрийг ардаа тавив. Урьд өмнө тэрбээр ямагт мөр хөөдөг байсан бол одоо түүнээ орхиж үнэр хөөх болсон бөгөөд, ингэснээрээ газрыгтун их товчлох ажээ.
Өглөөний улаан нарнаар хамарт нь гэнэт адууны тарган махны үнэр нэлхийн ханхлав. Газар шиншилж үзвэл, хэдхэн зуун алхмын зайтай нэгэн хонхорт адууны сэг байгаа нь тодорхой мэдэгдэв. Тэрбээр ойрд юм идээгүй тул ходоод нь хоол нэхэж, арааны нь шүлс нь аяндаа асгарав. Байгаль бол чононд хардах сэрдэхийг аль ч амьтнаас давуутай заяасан байдаг бөгөөд тэр ёсоор тэрбээр болгоомжлон гэтэн мяраасаар уг хонхор руу өнгийв. Хонхрын ёроолд адууны шинэхэн сэг улайран харагдана. Yнэр нь улмаар ханхалж, өөх мах нь алаглан, ухаан мэдрэлийг согтууруулна. Шүлсний асгаралт хэмжээ хязгаараа алдаж хардан сэрдэх, бодон болгоомжлох цөмийг мартагнуулав.
Гэвч одо ингээд очиж идэх үү, болих уу? гэдэг дээр сэтгэл нь эргэлдэв. Эцэст нь болихоор шийдэв. Хамарт ханхлах сайхан үнэрий нь зайлуулах гэхдээ, хамраа хүчлэн хэд дахин гудчив. Холдож гэхнээ нь ходоод бас хоргодох тул гэдэс цадсаны дараа хошуу амаа тавлан долоодог ёсоор долоож аваад урагш хурдлан давхив.
Урьдтай нь олон чонын мөр нимгэн цасан дээр цоохортон үзэгдэв. Yнэр нь тарган адууны тослог үнэртэй холилдон урьд урьдынхаасаа илүүтэй ханхална. Тэр дундаас өлөгчний үнэр түүнийг \”Чи минь ир, ир!” гэх мэт ялгарах ажээ.
Агшин зуурын дотор хэд хэдэн дов довцог, хотгор гүдгэрийг даван туулж ардаа хаялаа.
Нөгөө чононууд гэдэс цадсан нь хэтэрхий. Нэгэн товцгийн оройд өлөгчнийг тойрон аахилалцан унтацгаана. Чоно бол төрөлхийн өлчир, түүн дээр адууны мах нь халуун чанар нэмсэнийг хэлэх үү? Тус бүрнээ ам хамхилгүй аахилалцана.
Амьсгалаас нь гарах халуун уур хүйтэн агаарт цохигдон цан хүүрэг болж, цустай хутгалдсан биесий нь цагаанаар бүрхэж, улаан буурал болгожээ. Гэтэл эдний хажууд нэгэн нь шоовдорлогдсон байдлаар онцгойрон хэвтэх ажээ.
Энэ бол хэдэн хоногийн өмнө Дулаан хайрханы хүүгийн адил хөл улдан хоцорч явагч мөн. Одоо хөл зүгээр. Гагцхүү угийн хөлийн хурд муу, бас ч биеийн хөдөлгөөн болхи учраас бусдын адагт нь яв явсаар саяхан гүйцэж ирээд байгаа аж. Адуу барилцаж явдалд тэр, эрүү шүдээ оролцуулсангүй, харин тэднийг гэдсээ даахгүй болтлоо идээд авсны дараа сэгэн дээр ирж хэдхэн үмхийн төдийг зулгаасан байлаа. Гүйцэж ирсэн даруйдаа бусдын адил өлөгчинд ойртохыг эрхэмлсэн зүйлгүй. Олон хоног бараагүй хол газар хаягдан явсаар арай чамай гүйцэн ирж байгаадаа сэтгэл ханан баярласан ажээ. Өлөгчнийг нэг хэсэг ширтсэний дараа бусдад атаархах сэтгэл аяндаа төрөв. Ялангуяа өлөгчний архантай хошуу холбон хэвтэж байгаа ах дүү хоёрыг харахаас дотор нь арзалзан архирмаар. Гэвч болгоомжлов. \”Эд сэрмэгц цөм над руу довтлох биз” гээд хэвтэж байлаа. Энэ зуур Дулаан хайрханы хүү давхисаар. Урд хоёр хөлд нь хүч хурд хоёр нэмэгдсэн нь гайхалтай. Өлсгөлөн гэдсээ мэхийлгэн хурааж урт биеэ эвхрэлдүүлэн харайлгах нь хөлчөлсөн нумны тийрэх адил байлаа. Амьсгаа бүрэн задарсны дээр нимгэн ягаан хэлээ төө шахам унжуулж амаараа амьсгал аван цээжиндээ багтарсан халууныг сэрүүцүүлнэ. Бие махбодийн байдал чийрэгжин сэргэхийн сацуугаар зүрх зориг чангараад: \”Өлөгчин одоо минийх! Түүнд би хэнийг ч ойртуулахгүй. Аль ойртсонтой нь амь биеэ солилцоно” гэхээс өөр юу ч бодогдохгүй байлаа.
Давхисан чигээрээ нөгөөдүүл дээрээ ирээд хүрээлэн хэвтэгсдийн дээгүүр харайн өлөгчинд хүрэн сая хөл татав. Өлөгчин цочин сэрж түүнийг харахтайгаа зэрэг уурлан дайрав. Одоо гэвэл түүнийг аргадан царайчлах хүсэл алга. Харин ч уур хүрэх тул, сөрөн дайрлаа. Энэ даруй бусад нь бэрх архиралдан босов.
Улаан болсон цээжээ тэд чихцэлдүүлэн ухас ухас хийх нь гагцхүү Дулаан хайрханы хүүгийн эсрэг хоншоорныхоо нимгэн арьсыг хамар дээрээ тас зангидан атируулж, урт урт соёо шүдээ ярзалзуулан архиралдана. Хэдэн хоногийн өмнөх тулалдаанд тэд өлөгчнийг \”минийх, минийх! гэж архиралдаж байсан бол одоо ганцхан Дулаан хайрханы хүүгийн эсрэг: \”Одоо бид чамайг урна, тасдана” гэхээс өөр яриан алга. Дунд нь тэрбээр ганцаараа. Ухаан сэргэлэн, омог бардан. Хариу архирах нь \”Yхдэлүүд, шидэлүүд, новшнууд!” гэх мэт байрлаа.
Юу юуны өмнө хамгийн заналт дайсан ах дүү хоёр руу дайрав. Түүнийг агшин зуурын дотор сэгсрэн хаяаад дараа нь бусадтай нь уралцаж гарлаа. Ингэхэд бие хөнгөн, зориг чанга, булчин бүхэн эрчимтэй ойрд юм идээгүйн гавъяа энд л гарах аж. Нөгөөдүүл гэдэс цатгалан амьсгаадахаас гадна дуг нойрноос дөнгөж сэрсэн тул биеэс нь нозоорох аж. Дунд нь тэрбээр оч мэт амандаа өртсөн бүхнийг сэгсчин гаслуулж ахин халдахаас халширахад хүргэнэ. Гэвч тэрбээр үүндээ өлөгчнүүд бусдаас ялгаварлан хайрлаж байсан бөгөөд гэтэл өлөгчин араас нь дайран бүдрүүлсэн аж. Энэ даруй бусад нь түүнийг дороо хийж амжив. Тус бүрнээ омогшин дур зоргоороо хэмлэнэ. Дулаан хайрханы хүүд тэр бүхэнтэй эсэргүүцэх чадал алга. Харин ч дороос нь яаж гардаг билээ гэдэг дээр тулсан бөгөөд ахин бас арьс шалбарав, үс зулгарав, цус урсав. Ингээд олны аманд мянган хэсэг тасчуулах дээр хүрч байтал нөгөөдүүл гэнэт зад үсрэн дээр дороо оролцов.
Энэ бол хоор зуураа эвдрэлцсэн хэрэг биш, харин бусдад ямагт шоовдорлогдсон түгдгэр биетэй нөгөө эр энэ тулалдаанд Дулаан хайрханы хүүгийн ганцаараа гарамгай үзэлцэж байсныхаа эцэст гэнэт ялагдалтанд ороход нь өмгөөлөх сэтгэл төрж, хөндлөнгөөс дайран орсон байлаа.
Тэр завшаанд Дулаан хайрханы хүү амь мэнд гарав.
Дөрвөн хөл дээрээ босохтойгоо зэрэг түрүүчийнхээ байдлаар тулалдав. Yүндээ өлөгчнийг хайр найргүй хэмлэн зугтаалгаж хойноос нь давхив. Бусад нь ухаан жолоогүй давхилдана.
Ээрэм цагаан тал дундуур өлөгчнийг дагасан найман том чоно аахилалдан харайлгана. Анхандаа арван хэдүүл байсан бол эр чадал муутай нь аяндаа хаягдан хоцорч одоо өчнөөн болсон тул эднийг шилдэг тэргүүний эртэн гэж нэрлэвэл зохих биз.
Ямагт тэргүүлэгч өлөгчин цатгалдан урьдынхаа байдлаар хурдалж чадахгүй болсон ажээ. Хойнохонтой нь Дулаан хайрханы хүү ард хоцрогсдыг бараагүй хол хаяхыг бодон өлөгчинг байн байн гаслуулан хэмхэн, хөөсөөр, хоёрхон биеэрээ тасран гарлаа. Ер түүнд одоо өлөгчнийг аргадан царайчлах сэтгэл алга. Саяын тулалдаанд бадарсан уул хилэгнэл нь үргэлжлэн өмнөө байгаа бүхнийг дарах, дарангуйлах бодол л эргэлдэнэ.
Ингэх нь ч бас зөв байжээ.
Өлөгчин өөрийн эрхгүй цуцан зогсож гийнан гаслан газар хөрвөөн унасан бөгөөд дөрвөн хөлөө дээш харуулан нам тайван нүд анив.
Энэ бол аргаа баран аргадаж байгаа нь энэ байлаа.
\”Одоо чи намайг яадаг л санж, дураараа бол!” гэж байгаа нь илт байлаа. Дулаан хайрханы хүүгийн уур дорхноо арилав. Анхилах үнэрт нь ухаан мэдрэл нь аяндаа мансуурч өөрийн эрхгүй илэн таалахад хүрэв. Гэвч саад тотгорлов. Ард хоцорсон түгдгэр хөх гүйцэн ирж: \”Сая би амийг чинь аварсан бус уу? Иймд чи наад өлөгчнөө надаас бүү харамла!” гэх байдлаар нүүр бардам байх ажээ.
Хариуд нь тэрбээр нэр нүүргүй архирав. Yнэндээ ч: \”Эр биенд янаг нэг байх ёстой бол үхтлээ харамлах сэтгэл мөн нэг байх ёстой” байжээ.
Энэ хоёр, өлөгчнийг \”Минийх, минийх” гэж архиралдан бас л дорхноо уралцаж гарсан бөгөөд эхэл эхэлсээр Дулаан хайрханы хүү доор нэг хэсэг хэмлэв. Тэр зуураа түгдгэр хөхийн цээжин талд маш их хүч бийг олж мэдсэн аж. Дороос нь мултран гарахтайгаа зэрэг арга барилаа өөрчлөн баахан зууралдсаныхаа эцэст нэг удаа ялалт хийсэн болжээ.
Энэ зуур бусад чоно уван цуван ирсээр байвч Дулаан хайрханы хүүгээс айн сүрдэж алсуур тойрон дэмий архиралдаж байлаа.
Өлөгчнийг цааш явмагц Дулаан хайрханы хүү мөн л хайр найргүй хэмлэн хөөв. Ард нь нөгөөдүүл нь дэс дараагаараа цуврах боловч явах тусмаа алслагдан хоцорсоор нэг мэдэхэд ор сураггүй хаягдсан байв. Бараа үл тасрахаас ганцхан түгдгэр хөх, тэрээр гэдэс өлөн, хөл нь чангарснаар хэдэн зуун алхмын зайтай харайлгасаар байлаа. Цаашдын явдал гэвэл, эцэж цуцахыг хэзээ ч үзэмгүй, ямагт нумнаасаа мултарсан сум шиг харайлгадаг байсан өлөгчин өдрийн хагас аваад ядралын туйлд хүрч яг зогсов. Энэ зуураа хэд дахин зогсон амарсан бөгөөд амрах болгон дээрээ Дулаан хайрханы хүүг аль байдгаараа аргадаж байв. Өөрөөр хэлбэл омогтой бүхнийг дороо сөгтгөдөг өнөөх үзэсгэлэн гоо бие нь яв явсаар эрэлхэг нэгний гарт орж, үнэнч хань чинь болъё гэж байгаа нь тэр юмаа.
Гэтэл бас амрах бүрийд түгдгэр хөх гүйцэн ирж ширүүн тулалдаан болж байлаа. Эцсийн удаа зад хэмлүүлэн хөлдөө хүнд шарх олон хаягджээ. Бусад нь аль хэдийн ор сураггүй болсон тул одоо Дулаан хайрханы хүүд туйлынхаа зорилгыг тавтайяа хангах цаг нэгэнт тулсан ажээ.
Энэ бүхэн бол байгалийн шалгалт мөн. Байгаль нь жилийн дөрвөн улирлын хамгийн хатуу хайрганаар өлөгчинд нь түр зуурын онцгой хүч чадал өгөөд, түүгээрээ азарган чононуудыг уралдуулан шалгах бөгөөд энэ шалгалтыг Дулаан хайрханы хүү нэр төртэй даван туулсан нь энэ байжээ. Нэмэн өгүүлэхэд хэрэв байгаль ингэж шалгадаггүйсэн бол чонын удам угсаа доройтон доройтсоор аль хэдийн үнэг шиг дорой амьтан болсон байх буюу эс бол чоно гэдэг араатан энэ дэлхийгээс бүрмөсөн сөнөсөн байж болох юм.
Туйлын хүсэл нь биелэгдмэгц мань эрийн хүч тэнхэл тасран бие нь сал сулрах аж. Тэр дашрамд бусадтай хэрүүл тэмцэл хийх ба атаа жөтөө уралцах сэтгэл замхарч, нам тайван амьдрах хүсэл аяндаа мөрөөдөгдөж эхэллээ. Өлөгчин чинь өөрцгүй бие махбодод өөрчлөгдсөнөөс гадна өөрийнхөө хүч чадлаар хувь заяаныхаа ханийг олж авсандаа сэтгэл ханан баярлах ажээ.
Ийнхүү хоёулханаа эрээн тарлан цасаар хучигдсан хэсэг сархиагт өдрийн наран баруунар шингэхээс аваад шөнө өнгөрч үүр цайх хүртэл нам тайван унтаж амарлаа. Энэ завсар ямар нэгэн хөндлөнгийн гай гамшиг тохиолдсонгүй. Ард хаягдсан чоно удаа дараа ирсэн боловч өлөгчнийг үнэртэхтэйгээ зэрэг уг хэрэг аль хэдийн өнгөрснйг мэдэн ой гутрах аж. Зарим нэг нь \”Пээх, хайран юм яйран болж шүү!” гэх мэт хамраа гудчуулан буруу харж хэвтжээ. Гэвч Дулаан хайрханы хүүд өшрөх сэтгэл хэнд нь ч төрсөнгүй. Энэчлэн өлөгчний хойноос ухаангүй давхилдаж байх зуураа бие биетэйгээ хэчнээн атаа жөтөө, хэрүүл тэмцэл хийлцсэнээ эргэцүүлэн бодсонгүй. Yүгээрээ тэд чонын хөвгүүд бөгөөд үүгээрээ ч тэд \”Бид бол аль ч амьтнаас давуу шударга” гэж уг төрлөө бахаддаг ч байж мэднэ.
Гэтэл тэдний дунд нөгөө түгдгэр хөх алга. Тэрээр сүүлчийнхээ шийдвэрлэх ширүүн тулалдаанд хөл бэртэн хоцорсон чигээрээ хаягджээ. Хойшдын нь хувь заяа гэвэл, тэр тэндээ шархны халуунаар үхэх ч байж мэднэ, эс бол эдгэрээд төрсөн өссөн нутгаа тэмцэх буюу эс бол амь зуухаар аль нэг тийш тэнүүчлэх ч байж мэднэ. Эс бол эдгэрэн ядаж хэвтэх зуурт нь хөндлөнгийн гай, хүн төрөлхтний нэг нь дайралдан цохин алж, арьсыг нь хуулан авч одох ч юм билүү. Ер ирээдүйн юмыг хэн яахин мэддэгсэн билээ. Yйлийн үр ирэхэд өлссөн бүргэд дээрээс гэнэт буун улаан голыг таслан авах хүртэл аюул бишгүй байдаг билээ.
Өлөгчин дээр цугларсдын дотор хөөрхий тэр түгдгэрийн тухай бодох хэн ч алга. Тэд зөвхөн хувь хувиа бодно. Хувь хувьдаа үзэсгэлэн гоо өлөгчний ариун бэлэгт золгож чадаагүйдээ гутарцгаана.
Зорьсон зорил, санасан санаа нь нэгэнт дэмий өнгөрснийг мэдэхтэйгээ зэрэг биесийн нь ядрал туйлдаа хүрсэн нь тодорхой болж өөрийн эрхгүй унтаж амрах л чухал болжээ.
Yүлгүй тэнгэрт нар хэдийн мандаж өглөөний жавар арилсан хойно өлөгчин Дулаан хайрханы хүүтэй нэгэн зэрэг сэрэв. Чилүүрхсэн биесээ сунган суниасны дараа Дулаан хайрханы хүү өлөгчнийг халамжит эрийн ёсоор илэн таалахад өлөгчин хариуд нь сэтгэл өег таашаан: \”Одоо бидэн амьдралаа бодох цаг болсон бус уу!” гэх мэт эехэн дуугаар гийнан урт сайхан цээжинд нь толгой өгөн шөргөөлөө.
Эр эм хоёрын нарийсах чимээнээр нөгөөдүүл цөм сэрэв… Хоор зуураа нам тайван, эв санаа нэгтэй найз нөхдийн адил бололцжээ. Ханилсан хоёрыг баруун хойш чиглэн явахад \”Хүүе таминь, энэ хоёрыг үдэн гаргаж өгье!” гэцгээх мэт даган гарцгаав. Дараа нь тэд нэг нэгээрээ сугаран үлдсээр алга болсон байлаа.
Дулаан хайрханы хүү гэдэс өлсөх, ядрах хоёрт нэрвэгдэж эхлэв. Ингэхээрээ аль ч амьтан амьтны адаг болдог билээ. Гэлдрэх шогших хоёрын хооронд арай ядан явна. \”Энд тэнд идчихмээр, барьчихмаар юу байна вэ?” гэж эргэн тойрныг ширтэхээс эрээн тарлан цасанд хучигдсан мэл цагаан тал, цэнхэр хөх зэрэглээгээр хөшиглөгдсөн урт урт шил нуруудаас өөр юмгүй байлаа. Сэтгэлд эргэлдэхээс төрсөн нутаг Дулаан хайрхан. Түүндээ хүрвэл ядаж хадны бор оготно бишгүй байдаг биш билүү гэж бодогдоно. Ард нь өлөгчин хоёр хоногийн өмнө адууны мах идсэн нь тэр үедээ сүрхий амьсгаадуулсан боловч одоо ид шингэцэн дээрээ явах тусам хүч чадал нэмнэ. Гэлээ ч тэр, түүнийг ханилсан эрээ гэж үзэн ард нь явах аж.
Урьдтай нь нэгэн дэрст хонхорт хэсэг гөрөөс хэвтэж байсан бөгөөд түүнийг Дулаан хайрханы хүү харан сэтгэл нь сэрхийн сэргэв. Биеийнх нь ядрал дорхноо мартагдаж, булчин шөрмөс нь аяндаа эрчлэн зангирав. Гэвч бас гай! Ухас хийн үсрэхдээ ямар нэгэн юманд бүдэрч дугуйлдан унав. Yүндээ сарьсан хамраа шалба авсныг хэлэх үү, өвдөхийн эрхэнд нүд эрээлжлэн ухаан балартана. Гаслан гангинан босож, зээр гөрөөсний байсан газар руу харвал өлөгчин нэгийг нь аль хэдийн дарж авсан байлаа. Yүнд түүний баярласан нь жигтэйхэн. Тэгээд бас амтат сайхан хоолыг ганцаараа идсэнийг хэлэх үү, гэдэс цадаж гэдэс тэниймэгц өлөгчнийг хайрлах сэтгэл шинээр төрсөн бөгөөд ер эдний амьдралын халуун холбоо эндээс ч эхэлсэн байж мэднэ.
Тэндээс Дулаан хайрханы хүү эм юугаа дагуулан өөрийн тааваар өнжин хонон явж өссөн төрсөн нутагтаа эсэн мэнд хүрчээ. Анх очсон даруйд ураг төрлүүдээс нь аваад уг нутгийнхан өлөгчнийг нь үзэн ядан гадуурхах аж. Иймд мань эр юу юуны өмнө эм юугаа өмгөөлөн хамгаалах хэрэгтэй байлаа. Энэ талаар өдөр тутмын явган хэрүүл гарах болсон тул тэр бүхнээс аль болохоор зайдуу явахыг эрхэмлэсэн бөгөөд ингэснээр тэдний амьдрал бусдаас тасрав. Хоёр бие нэгэн адил идэр залуу, эв түнжин маш сайн ан гөрөөнд хоёулхнаа явна. Олсон олзоо ёстой сэтгэл харамгүй хуваалцана. Ингэхэд хэн хэнд нь ийм сайхан амьдрал хэзээ ч байгаагүй аж.
Хэдэн сарын дараа өлөгчний гэдэс томорч хөл хүндрэн ан авд тууштай явж чадахыг байлаа. Тэрээр арга буюу идэш тэжээлийн хойноос ганцаараа зүтгэнэ. Яг энэ үеэр хавар болж ойр хавийн айл амьтад өвөлжөөнөөс гаран ийш тийш нүүдэллэн холдож одсоноос гадна хүмүүс үр төлийн алдахгүй авах гэж адуу малаа харж хандах нь чангарав. Хотын ноход нь хүртэл тун сэргэг болж, хоттой хониндоо оруулахгүй боллоо.
Гэлээ ч тэрбээр зүтгэнэ. Заримдаа тав зургаан хоногоор ч алга болно. Тэр зуураа өөрийн гэдсийг өгрий яс, үхсэн малын сэг төдийгөөр зогоож аваад айлын хот руу гэтэн мярайна. Тэгээд эс бүтвэл адуу руу дайран азаа үзнэ. Түүнээ эс бүтвэл зээр хөөж үзнэ. Энэ ч бас амаргүй, ганцаараа хөөж гүйцэхэд бэрх юмны нэг.
Ингээд аргаа барахдаа туулай эрэн бут шиншилэхэд хүрнэ.
Энэ үедээ сайх чоно: \”Амьдрах гэдэг алалцах дайснаас хэцүү” гэдэг хүн хоорондын ярианыг сонссон бол өөрийн эрхгүй \”Ээ тийм, ёстой тийм” гэж дуу алдах байсан биз. Гэвч тэрээр өмнөө тулгарсан үйл хэрэг бүхэнд арван хэдэн төрлийн арга ухаанаа гаргаж чаддагаааа эргэх бүрдээ эрхгүй олж омогтой байдаг байлаа.
Сүүлийн удаа явахын ихийг яваад олсон олз тун тааруу, тураалын туйлд хүрсэн хөгшин оонын зовлоготой ирэхэд өлөгчин нь зулзагласан байлаа. Аман дахь ооноо өмнө нь хаямагц өлөгчин, нялхарсан биеэ арай ядан өндийлгөн босов. Илгэн хэвлий дор нь багтан нам гүм унтаж байсан найман нялзрай бэлтрэг хүйтэн жаварт цохигдон, нэг жигдийн нарийхан дуугаар шуугилдан үлдэв. Эрт урьдаа мань эр энэ мэтийг сонирхох байтугай дуу чимээнээр нь жигшин зугтдаг байсан аж. Гэтэл одоо тийм биш болжээ.
Харах тусам нүд булааж, үнэр нь хүртэл ариухнаар ханхална. Хойшдоо өдөр хоногийг ирэх тусам бие бялдар өсөн торниж улмаар сэтгэл булаалаа. Гэвч үүнийхээ зэрэгцээгээр хомхой долгомцог нь жигтэйхэн. Эхийнхээ мээмийг уран тасдаж залгихаас яавч буцамгүй болсон тул, эр эм хоёр бэлтрэгээ тэжээхийн тулд өөрсдийнхөө биесийг эцтэл туртал зүтгэв.
Хажуугаар нь тохиолдсон гай гамшиг цөөнгүй. Нэг яваад ирэхэд бэлтрэгнүүд нь хөөцөлдөн тоглож байгаад нэгнийгээ өндөр хаднаас нисгэсэн байх бөөөд тэгээд тэр нь түүнээс болон үхэв. Дараа нь нэг өдөр бэлтрэгнүүд нь наранд гаран тоглолцож байхад бүргэд нэгий нь шүүрэн авч одов. Эцсийн удаад гэдэснийхээ хэрийг үл мэдэн идэж орхиод бас үхсэн байлаа.
Иймд эр эм хоёр санаа сэтгэлийн талаар ядмаг, бөөн зовиур эдэлж байлаа.
Хүн бүр хүүхдээ хөлийн дөрөөнд, гарын нь ганзаганд хүргэхийг зорьдог бол чоно бэлтрэгээ хөлий нь гөрөөнд, амы нь цусанд хүргэхийг эрхэмлэдэг ажээ. Энэ ёсоор Дулаан хайрханы хүү өлөгчинтэйгээ зургаан сар зүтгэснийхээ эцэст бие даан амь зуухтай болгож сэтгэл амарлаа.
Бодвол эдний амьдрал ингээд нэг амрах баймаарсан. Гэтэл тэгдэггүй. Дүн өвлийн хүйтэн ид дундаа ормогц өлөгчний ааш зан гэнэт хувирлаа. Хэдэн өдөр үдшийн бүрэнхийгээр Дулаан хайрханы хэдэн оргилыг дамжин улин гиеүрч, ойр орчмын бүх эрсийг дуудан цуглууж аваад: \”За, одоо та нар миний хойноос эр бяраа үзэлцэх цаг болсон!” гэх мэт жавар сөрөн давхиж гарлаа. Энэ бол \”Гэм биш зан, гэнэт биш хууч” гэгчээр ингэх л учиртай юмсанж.
Өлөгчнийг даган давхигсдын дунд Дулаан хайрханы хүү мөн оролцов. Гэвч ноднингийнх шигээ биш, ямагт өлөгчний ард бөгөөд түүндээ нүүр талтай. Нөгөө талаар хөл улдах, бусдад гадуурхагдах энэ тэр бүхнээс гадуур, харин ч айлган сүрдүүлнэ. Аягүй дураа хүрвэл өлөгчинтэйгээ элбэн зад хэмхчиж хаяна.
Эцсийн бүлэгт өлөгчинтэйгээ ахин бэлэг зохицоод уг нутаг Дулаан хайрхан руугаа буцсан билээ.
Хойшдын үйл явдал гэвэл өнгөрсөнтэйгээ ав адил. Тэр байтугай өнгөрснөө эргэн давтсаар идэр насаа өнгөрүүлсэн гэж хэлж болох байна. Ганцхан онцлон тэмдэглүүштэй нь одоогоор дөрвөн жилийн өмнө, өнөөх жил бүр давтагдсаар ирсэн өвлийнхөө гүйдлээс буцах замдаа нэгэн бод малын нэгэн сэг дээр санамсаргүй очсоноос болж өлөгчин хойд хөлөө хавхдуулжээ. Гайтай тэр хавхнаас хөлөө авах гэж үй түмэн үйлээ үзсэний эцэст хүн ирэхийн бараанаар тэр хөлөө тас хазаж үүрд доголон хоцорчээ.
Тэр цагаас эхлэн өлөгчний бие өөдөлсөнгүй. Нас ч өөрийн эрхгүй өтлөн уруудах замдаа орсон аж. Мөн тэр цагаас хойш өлзий болсон Дулаан хайрхандаа хоргодохоос өөр хааш ч хөдөлсөнгүй. Өнөөдрийн хувьд өлөгчин, хазах шүд бараг үгүйтэй адил, харах нүд галгүй болоод улцан. Толгой салга, ан амьтан барих байтугай бэлэн байгаа идшийг идэх гэхдээ хальт авах нь ерийн хэрэг болсон бөгөөд гагцхүү үзэхийн ихийг үзэж, өгөр муу санаа бүхнийг олсон хөгшнийхөө ивээлээр амьдрах болсон ажээ.
Хөгшин чоно өлөгчнөөс эхлэн бэлтрэгнүүдээ хүртэл цөмийг бүрдүүлж аваад Таргатын цагаан тал руу тааваараа шогшино. Хөгшний ард залуу эр эм хоёр дараа нь бэлтрэгнүүд тус бүрдээ дэг журамтай явж байхад тэдний бүлд саяхан нийлсэн залуу азарган хажууд нь гав ганцаараа. Тэрээр байн байн түрүүлэх гэж өвгөнтэй мөр зэрэгцэнэ.
Хөгшний сэтгэлд: \”Yгүй энэ тэнэг, юунд надаас түрүүлэх гээд байна вэ” гэдэг эгдүүцэл төрж, түрүүлэхийг завдах бүрд нь архиран шазалзана. Yнэндээ нэг сүргийг толгойлон авч явах амаргүй. Яльгүйхэн осолдлоор ямар ч аюул хүрч болдгийг хөгшин тун сайн мэднэ. Гэтэл азарган чоно дотроо үгүй ер яасан удаан явна вэ. Ингэж явснаар бид хэзээ юугаа олж идэх билээ гэж бухимдана.
Зүүн хойноосоо босон бараан хар үүл урагш нүүн нүүсээр огторгуй бүрэн бүрхлээ. Ингэсхийгээд айхтар ширүүн бороо орохыг хөгшин чоно л сайн мэдэх бөгөөд тэр завшаанд ойрхон зуураас ам тосдож болно гэдэгт бат итгэнэ. Гэвч цаг эрт, айл хунар сүүнийхээ оройн саамыг сааж, унагаа барьж байгаа үе санж. Тэртээ зүүн өмнөх Таргатын гол хэмээх бяцхан голын дагуу дахь хэдэн хотоос хүн малын дуу чимээ тасралтгүй сонсогдоно. Хамгийн наад захын хотын ноход хуцав. Энэ бол \”Тэнд чоно явж байна” гэж шуугилдаж байгаа нь тэр.
Хөгшин чоно зогтусан чагнаснаа: \”За, энэ ч яамай!” гэж бодон шогшоогоо үргэлжлүүлэв. Ноход хуцсаар бөгөөд тэр дундаас \”Хөв хөв” гэж тайвнаар хуцагч нэгийг мань хөгшин аль хэзээний сайн танина. Тэр нь бол бие том, бяр чадал ихтэй, улаан халтар хоншоортой, хонхорцгон сүүлээ сэрвээн дээрээ хаян саахалцан давхидаг нэг ширүүхэн гайхал байдаг аж.
Хөгшин чоно \”Аа тийм, чи намайг хотондоо мөн ч олон удаа оруулаагүйсэн билүү. Одоо зүгээр, надад ч хот руу чинь ухасхийх чадал алга. Чи ч гэсэн өтөлж шүү дээ” гэж бодож явлаа. Мань хөгшин тэр бүх нохойн хучилтын дотроос бас нэгийг танив. Тэр нь бол нас залуу, сонор сэргэлэн, давхиа хурдтай, зүрх цагаан хар гичий. Эзэн нь ямагт ад үзэн өл мөлхөн тэжээдэг учир чадал дорой, гаансны мод шиг болтлоо гуриатсан нэг муу амьтан байдаг байжээ. Хөгшин чоно түүний тухай бодохдоо: \”Өө чи юу. Хуцах чинь аргагүй. Барааны газраас байтугай давааны цаанаас чимээ авдгийг чинь би мэднэ. Хөл чинь хурдан, ухаан чинь сэргэлэн. Уг нь чи манай төрөлд л төрсөн бол таарах байлаа. Гэтэл заяа чинь дутаж хот сахин хоолны шавхруу горьдон төрж дээ” гэж бодно. Азарган чонотэр нохдоос нэгий нь ч үл танина. \”Ингэж дэмий шогшихын оронд энэ айлуудын хот руу орохсон доо” гэж л бодно. Таргатын голын айлуудын зүүнээ ирэхэд, зүүнээс нь бэлчээртээ гарч яваа адууны түрүүч гарч ирэв. Чононуудыг гэнэт харан зогтусаж, толгой өргөн хамар тачигнуулна.
Хөгшин чоно ч эдний дунд яваа хэдэн морьдыг сайн таних байлаа. Морьдын дотроос татанхай хонготой хар хээр морь урагш түрэн гарч ирснээ хазан хайрахад бэлтгэн газар цавцлаа. Энэ бол бүр ч эрт цагийнх нь танил байлаа.
Мань хөгшнийг анх хөл нь гөрөөнд, ам нь цусанд хүрч байх үед юмсанжээ. Энэ морь ч бага балчир даагандаа байсан цаг. Хөгшин чонын эцэг түүнийг ирээдүйдээ үр хүүхдүүдэд минь аюултай хурдан морь болно гэж үзээд нэг шөнө өөрий нь дагуулан очиж барьж идэхийг шийдсэн аж. Тэгээд хонгонд нь хүрч чадсан боловч эх нь амь биеэ үл хайрлан хамгаалж дайснаас гадна азарга бүр ч аюултай эцэг чонын ар сэрвээнээс бөөн хэсгйг тас хазаж хаясан байх бөгөд эцэг чоно тэр зундаа өтөнд баригдан насан эцэс болов. Энэ морь ч төрөлхийнхөө хурдыг алдан жирийн унааны морь болсон ажээ.
Энэ учраас хөгшин чоно нас бие гүйцэж, энэ тэрийг эргэцүүлэн бодохтой болсон цагаасаа эхлэн энэ морьтой дайралдах бүрдээ харуусалтайгаар нас барсан эцгийнхээ үлдээсэн их гавъяаг санан бахаддаг байлаа. Гэвч дайсан гэдэг хэзээд барагдан дуусах учиргүй ээ. Нэгий нь дармагц ард нь бас нэг үлдэн залган авч байдаг тавилантай. Тэр ёсоор татанхай хонготойн нь хойноос эндүүрэм ижил зүсмийн нэг морь ирж, эгдүүцэн газар цавчлах нь түүний төрсөн дүү байлаа.
Эдний эзэн нь өндөр биетэй, янхигар цээжтэй, өргөн шанаатай шарангуйвтар царайтай, бүргэд шиг хурц харцтай нэгэн ахимаг насны хүн байдаг бөгөөд татанхай хонготын дүүг нас бие гүйцсэн цагаас эхлэн үе үе унан чоно хөөн авладаг болсон юмсанж. Иймд мань хөгшин чоно морь эзэн хоёрыг хэнээс ч илүүтэй таних аж. Yнэндээ сүүлийн жилүүдэд Дулаан хайрханы бүх чоныг тэр эр алахаа алж, алс холын нутаг руу хөөхөө хөөж бараг байхгүйтэй адил болгосон байжээ. Хүн бүхэнд чонын арга залийг бахдан: \”Ээ дээ мөн ч тэнгэртэй амьтан шүү дээ” гэдэг байхад тэр хүн, чонын арга ухааныг өөрийнхөө алганыхаа зураасыг харж байгаа мэт тодорхой мэддэг байлаа. Yүгээрээ тэр эр ойр орчмын бүх чонын эрлэг нь болсон бөгөөд гэвч хөгшин чоно өмнө нь бусад чононоос гаршгүй арга ухаан гаргаж чаддагаараа өдий хүртэл өлөгчинтэйгээ эсэн мэнд яваа нь энэ байжээ.
Цувран гарч ирсэн адуу түрүүлснээ гүйцэн нэгэн дороо тунарав. Унага даага багачууд нь \”Энэ яваа чинь юу гэгч вэ” гэх байдлаар хошууран тасарч байтал онгон дэлтэй хар хүрэн азарга гэнэт давхин гарч ирж тэднийг зад элдэн дотогш хумьж, чоно руу толгой өргөн давшлах болов.
Энэ азарга бол хөгшин чонын эцгийн амь насанд хүрсэн азарга мөн. Гэвч хөгшин чоно түүнд өшин хонзогнох сэтгэл алга, харин ч идэр залуугий нь амьдрал сэтгэлд нь тун таашаалтайгаар орох аж. \”Ээ чи болно! Сүрэгт чинь би халдаж үл болохыг сайн мэднэ!” гэж урьдах замаа хөөсөөр байлаа.
Тэнгэр бүрхсэн навсарсан хар үүл, эхнийхээ ширүүн дуслыг \”Пис пис” буулган газар хаялаа. Дараахантай нь цахилгаан гялсхийж орчлон дэлхийг хүржигнүүлэв. Гялс хийх хурц гэрэлд нь нүд гялбан нэг үе таг сохор мэт болох бөгөөд ингэхийг урьд өмнө бараг үзээгүй бэлтрэгнүүд айн сандран гаслалдаж, эхээ ороон чигцэлдэнэ. Бороо улмаар ширүүсэж, аянгын дуу үргэлжлэн нижигнэхэд бэлтрэгнүүд тасралтгүй гаслалдаж идэр залуус нь ч айн бүрдэхэд хүрлээ.
Харин хөгшин чононд энэ бүхэн юу ч биш, үүнээс цааш цахилгаанд дайрагдан үхэх хүртэл бишгүй байдгийг мань хөгшин мэднэ. Сэтгэлдээ тэр \”Ээ дээ энэ бороо, идшийг бидэндээ эрхгүй хайрлана бий” гэж бодно. Хажууд нь азарган чоно: \”Yгүй энэ хар борооноор ингэж явахын хэрэг юу вэ. Yүний оронд уул хадныхаа мухрыг сахин хэвтэж байсан бол юутай сайхан байх билээ” гэж бодно.
Хөгшин явсаар л байна.
Таргатын голын айлуудын зүүн өмнө, хагас өртөө хэртэй очсоноо хөл татаж, борооны эсрэг харан хэвтэв. Yүндээ хөгшин ямар ч дохио өгөөгүй боловч бусад нь мөн тийн хэвтэх ёстой аж. Аянгын дуу алст нижигнэх боловч аадрын ширүүн оролт шавшсаар байлаа. Ер нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдох юм алга. Гэвч хөгшин \”ам тосдох юм аяндаа ирнэ” гэдэгт бат итгэж хэвтэх ажээ.
\”Энэ нь чухам юу вэ. Тэгж өөрөө аманд орж ирдэг өөх тос хаа байсан юм бэ”. Энэ бодлыг залуу азарган бодон уйтгарлана.
Хэвтсээр байтал шөнө дунд өнгөрч бороо арилах тийшээ хандав. Гэлээ ч хөгшин хэвтсээр \”Ээ дээ, эрхгүй ирэх л ёстой байдагсан” гэж бодно.
Гэтэл гэнэт хонь майлалдах чимээ гарав.
Эн бол яг хөгшний санан, зөгнөсөн хэрэг мөн.
Ширүүн бороонд хотноосоо тасарсан хонь уруудан яв явсаар орж ирэх нь энэ аж. Yнэр нь хамрын үзүүрт ханхалж, сэржигнэх борооны сиймхийгээр бараан сүүдэр нь тодрон юу юугүй нөмрөн орж ирэхэд хөгшин чоно ямар хонь барьж авахаа бодов. Хамгийн түрүүн сэтгэлд нь, тарган иргэ буух аж. Гэвч мань хөгшин \”Ээ болъё, би түүнийг чинь дийлэхгүй шүү дээ” гэж бодов. Хоёр жилийн өмнө нэг айлын хотонд орохдоо ирэг барьж аваад түүндэ дийлдэн чирэгдэж, нохдод нь бариулчихаа шахсан аж. Дараа нь хурган хонь санаанд нь оров. Мах нь зөөлөн болоод амттайхныг мань хөгшин сайтар мэднэ. Гэвч, эмгэн бид хоёрт арай хүрэхгүй болов уу? гэсэндээ нэг төлөг рүү үсрэн багалзуурдан авлаа.
Төлөг цовхчин хөгшнийг дороо хийж дээр нь тонгочив. Гэлээ ч мань хөгшин тайван: \”Дэмий ноцолдон тэнхээгээ барах хэрэггүй шүү дээ” гэж бодно. Халуун цус амандаа орж иртэл үгтээсээр төлөг тонгочих тусмаа өөрийнхөө хоолойг өөрөө таслахыг мань хөгшин сайн мэднэ.
Төлөг газар унан баахан тийчилсний дараа мань хөгшин ам шүдээ салган авч өндийлөө. Эргэн тойронд юу болж байгааг ажихад хоёр залуу аль хэдийн нэг нэгийг унаган идэж дэргэд нь бэлтрэгнүүд ухаангүй ховдоглон бөгсөө тонтогнуулан зулгааж байлаа. Нөгөөтэй нь үргэсэн хонь зайлан зугтахыг бодохын оронд тэнэглэн ширтэж зогсох аж. Дэргэд нь хөгшин өлөгчин, төлөгний нимгэн цавиас эхлэн идэх гэж нудчин ядаж байлаа.
Мань хөгшин: \”Ээ, чи намайг хүлээ!” гэх байдлаар өлөгчнийхөө хошууг хойш түлхэн өөрөө төхөөрч эхлэв. Эл ажилд дадлагатай ч байлаа. Юу юуны урьд сэвстэй нь хутгахгүйг хичээн гүзээгий нь салган авч хойш тавиад амгалан тайван идэж гарлаа.
Хоёр залуу чоно гэдсээ цадмагц дахин хонь руу орж, аль амандаа дайралдсаныг барилан хаялах болов. Ингэж гэмээ нь тэд сэтгэл ханан цаддаг байлаа. Бэлтрэгнүүд нь дагалдан жижиг хургуууд хөөн давхилдана.
Энэ бүхнийг хөгшин өмнөхөө тайван идэх зуураа ажиж байсан бөгөөд өөрөө ч мөн идэр залуудаа ингэж байсан аж. \”Ээ дээ, идэр залуу нас гэдэг чинь ийм л байдаг даа” гэж бодсоноо: \”Yгүй энэ бүхэн эцэстээ гай болдог шүү” гэж бодогдон дотор нь зарсхийв.
Иймд мань хөгшин дутуу идэн өлөгчинтэйгээ уулынхаа зүг яаран зүтгэв.
Таргатын голын адаг дахь нэгэн хот, үүрийн шаргал туяагаар хонь тасран одсоныг мэдэн бөөн шуугиан дэгдээв. Чоно нохойд орсон байх гэдэг бодол хүн бүхний сэтгэлд орж, нүд нь орой дээрээ гаран сандарцгаана. Хойноос нь явах морь мал хаа юу байдаг билээ гэж нэг хэсэг мунгинаад унаатай хэдэн хүн явлаа.
Тэр хүмүүс чоно идсэн сэг үзэж бүр ч шогшров. \”Энэ манайх, тэр танайх, үгүй энэ хэнийх вэ” гэсэн үг хүн бүхний амнаас гарна.
Энд тэндгүй хэсэг хэсгээр тасарсан хоньдыг \”Чаа, чаа” хэмээн цуглуулах зуураа уруулсан шархадсан хонь тоолон мөн л шогшролцов. Чоныг хараан зүхэлцэх нь маш их: \”Алахсан цохихсон, арьсыг нь хуулахсан” гэдэг үгийг дор бүрнээ өгүүлнэ.
Тэдэн дээр шар оройт хуучин хилэн малгайн хар хүрээг урагш дарж өмссөн ахимаг насны янхигар эр хүрч ирэв. Энэ хүн өөр хотын хүн бөгөөд хөгшин чонын голд орсон танил Цэрэнчимэд гэгч байжээ. Тэрээр өглөө адуунд мордон цуглуулж аваад улаа явдал болсныг мэдээд энд иржээ.
Өглөөний мэндийг урьдчилан мэдэхийн оронд Цэрэнчимэд, \”Пээ, юутай тоогүй юм болох нь энэ вэ” гэж харууслаа илэрхийлж, нөгөө хүмүүсийн халаглалаа үргэлжлүүлэн урсгахад: \”Ээ дээ унтах нойрондоо харам бол үүнээс ч илүү гай гарз гарна даа” гэдгээр бүгдийн амыг таглав. Дараа нь тэр, сэг шархтай хонь нэг бүрийг ажиглан байн байн эрүүгээ маажин Дулаан хайрханы зүг ширтэж байлаа.
Тэндээ Цэрэнчимэд элдэв дэмий яриан үүсгэн цаг нөгцөөсөн зүйлгүй, адуугаа туун харив. Тийнхүү унаагаа уяж сувай адуугаа бэлчээрт нь гаргасныхаа дараа ойр орчмынхоо чадмаг эрсийг орон гэртээ урин дуудаж цуглуулав.
Эдний айраг нэртэй сайхан. Цугларагсад сөгнөн тавьсан айргийг нь амтархан уух зуураа голын адгийн айлын хонь чононд орсныг харилцан хөөрөлдөв.
Ийнхүү үг яриа аяндаа дэлгэмэгц Цэрэнчимэд:
-Тийм ээ, би өглөө очиж нэг нэгэнгүй үзсэн. Хонь хядсан чонын дотор хоёр муу хөгшин чоно оролцсон байдаг шүү гэхэд хүмүүс: Yгүй энэ чинь юу гэнэ вэ? гэх мэт гайхан бие биеэ харлаа. Тэр дундаас Цэрэнчимэдийн найз Гончиг гэгч \”Хэ хэ” инээж:
-Цэрэнчимэд минь чи тэр чоныг үзээгүй байж хөгшин залууг нь яаж мэдсэн байна даа байз? гэж ёжлон асуулаа. Хариуд нь Цэрэнчимэд:
-Ажиглаж чадвал андашгүй гэж өөдөөс нь нэг сайн харснаа: \”Нэг төлгийг хоёр чоно идсэн байлаа. Гэхдээ ясыг нь тойруулан зулгаасан атал гүйцэд идсэнгүй. Уг нь залуу чононд бол нэг төлөг гэдэг чинь нэг удаагийнх нь тааруухан хоол байгаа юм”.
Хүмүүс: \”Нээрэн тийм шүү дээ” гэж ам амандаа өгүүлэлдэв.
Цэрэнчимэд:
-Ер нь хоёр чоно нэг малыг дундаа идэхдээ бие биеэс өрсөн ухаангүй шомбоддог байтал тэр төлгийг хоёр чоно цээж бөгсөөр нь хуваан тун аятай идсэнийг үзэхэд эр эм хоёр байж таарна даа.Энэ даруй Гончиг: \”Ээ дээ, тэгэлгүй дээ” гэж хэлэв.
Цэрэнчимэд: \”Бөгсийг нь идсэн чоно махны аль зөөлнийг дагуулан идэхдээ ямагт зулгаан салбарлуулсны нь үзэхэд хариугүй хөгшин, ээ дээ өлөгчин л байх ёстой. Харин цээжин талыг идсэн байдал өөр, махыг ихэвчлэн тас хазаж зөөлөн яс, мөгөөрс мэтийг мэрсэн байв. Ингэхлээр энэ ямар чоно байж таарах вэ?”
-Ээ дээ, эр хөгшин чоно тэр байж гэж нэг нь хэлэв.
Энэчлэн Цэрэнчимэд бусад сэг, уруудсан хонь нэг бүрийг нарийвчлан ажигласнаараа чоно тус бүрийн нас шүд, бяр хүч, тоо байг ёстой гарынхаа алганы зураасыг харах мэт дэлгэрэнгүй ярив. Дэргэдэх хүмүүс нь дув дуугүй чих тавин чагнах бөгөөд дотроо түүний үнэхээр гарамгай судлагч болохыг танин бахдацгаана. Ярианыхаа төгсгөлд Цэрэнчимэд:
-Чононууд Дулаан хайрханаас ирэх шиг боллоо. Сүүлийн жилүүдэд хөөж тууж нэг ч үгүй болгосон бололтой билээ. Нэг бол ганц хоёрын зэрэг хашир юм үлдсэн ч байж мэднэ. Эс бол өөр газраас явуулын юм ирж нутагласан байж мэднэ. Юу ч гэсэн одоо гэдэс цадсан дээр нь араас нь үргээн бэлд оруулж авлана байгаа!
Хүмүүс \”Тэгье” гэж ам амандаа хэлэв.
Маргаашаас нь эхлэн Таргатын голын айлын шон дээр нас бие гүйцсэн хурдан морьд сойгдов. Хүмүүс хоор зуураа чоно авлахыг ярилцаж хүүхэд багачууд даган давхилдах гэж хөл хөөр болно. Зарим нь хоёр хөгшин чонын тухай сүр бадруулан ярихдаа:
-Ээ дээ, та минь, энэ хойд ууланд чинь жилдээ нэг хоёр удаа гадагш гаран гэдсээ цатгаж явдаг хоёр хэцүү хөгшин чоно байдаг гэнээ! гэхэд, олны дунд хашир тоологддог нэг нь:
-За, түүний чинь хэн үзэж ирээд айлгаж байгаа хэрэг вэ?
-Хэн юу байх вэ, Цэрэнчимэд гуай урд хотын хонь чононд орсныг үзээд хэлж байна.
-За яршиг! Цэрэнчимэдийн үе үе тэгж барин тавин дэгсдүүлэхийг мэдэхгүй хэн байх билээ.
-Yгүй ээ үгүй, баримты нь тодорхой гаргаад байгаа юм. Гэтэл тэр хоёр хөгшнөөс гадна бэлтрэгэн хоёр залуу чоно явсныг сайн мэдэж байгаа юм.
-Мөн дөө, тэгж л дэгсдүүлдэг байгаа юм.
-Хэрэв чи миний үгийг үнэмшихгүй байгаа бол яах вэ? өөрөө яваад үз! -Ингэхэд авлах өдөр чинь хэзээ билээ дээ.
-Нөгөөдрийн маргааш.
-Нөгөөдрийн маргааш байх нь юу ч билээ дээ. Одоо л цатгалан дээ нь хөөж хэвтэхгүй.
-Yгүй, идсэн даруйд нь хөөхөөр юу ч болдоггүй идсэнээ амаараа гаргаж орхиод гүйцэгдэхгүй болдог гэнэ. Гурав дахь хоног дээрээ л идсэн нь ид шингэж яаж ч чаддаггүй дээрээ байдаг байх.
-За энэ ч мөн Цэрэнчимэдийн үг байна. Yнэнч юм уу, худлаа ч юмуу хэн мэдлээ. Аягүй бол унаа морьдын чинь гарз болж магадгүй л байх.
-Олны дунд иймэрхүү яриа гарсан боловч авлалтад тэд бие биеэ уриалав. Гурав дахь хоногийн өглөө Дулаан хайрханы араас үргээхэд оролцох хүн хорь шахам, өвөрт нь нуугдан отож байгаад тал руу хөөн цохих эрс арав болжээ.
Уулын ард гарсан хүмүүс нэг зэрэг хашгиралдан урагш давшлаа. Yе үе дарин цэнэгт цахиур буугаар буудах бөгөөд дуу нь Дулаан хайрханы хад чулуу дамжин нүргэж оршсон бүхнийг нь цочоох аж.
Энэ даруй залуу өлөгчин босон харайж, уул өөдөө мацав. Ард нь бэлтрэгнүүд аюул болж байгааг мэдэх боловч эрхлэн тоглон цогихоо эрхэмлэн наана цаанаа орон давхилдана. Хоёр дахь удаагийн буудалтанд залуу эр чоно босон харайв. Тэрээр хүнд нойрноосоо гэнэт цочин сэрсэн тул ухаан элий балай. Нэг үе хааш явах ухаанаа олохгүй мансуурснаа мөн л уул өөд мацав.
Тэр өдөр мөн халуун, идсэн хоол ч бас хүнд, амьсгаадахын ихээр амьсгаадна. Уулын оройд гараад эргэн харахад бараа бараагаа харан давшсан хүмүүс унасан мориндоо ташуур өгөн хашгиралдана. Урагш харахад элгэн хүрэн өнгөт хад сархиаг эзэлсэн эгц цавчим энгэр бөгөөд түүний үрчлээ болсон ганга жалгын нэг рүү өлөгчин, бэлтрэгнүүдтэйгээ орох үзэгдэнэ. \”Ээ хай, энэ зөв үү? Буруу юу?” гэж залуу чоно сэтгэн эргэлзэх аж. \”Ингэхэд нөгөө зөнөг хаа вэ? учир утга нь үл ойлгогдох ийм цагт түүнийг бараадвал дээр байж мэднэ” гэж бодон ойр тойрноо нэгжин харав.
Дахиад л буун дуу! Энэ дуу аймшигтай дуу. Урьд өмнө ийм дууг тийм ойрхоноос сонссон удаагүй байлаа. Сонссон байлаа ч гэсэн буун дуу, бүх чонын төрөлхийн цог заль, сүр жавхланг нэг мөсөн сөнөөгч нь байлаа.
Залуу чоно урагш суга үсрэн уулын уруу өөрийн ухаангүй оров. Ардаа тэр алд дэлэм газар өмхий хар зураас хаяснаа өөрөө үл мэднэ.
Энэ үед хөгшин чоно өлзий болсон хадныхаа мухарт хэвтсээр байлаа. Yнэндээ гэдэс хагас цадсан тэр нэгэн цагаас эхлэн: \”Ээ хай, хэт ойроос идсэн хоол аягүй бол амь насанд цөв болж болох шүү” гэсэн нэг аягүй бодол сэтгэлд нь эргэлдсээр байсан аж.
Өнөөдрийн хувьд уулын араас хүмүүс гэнэт хашгиралдан давхихад мань хөгшин учрыг бүрэн мэдсэн бөгөөд уулын бэлд эртний танил хүн нь унаа мориныхоо хамт хүлээж байгаа нь нүдэнд үзэгдэх шиг болжээ. Хүмүүсийн дуу ойртох тусам мухартаа шигдэн буун дуу байн байн пин хийхэд амин сүнс нь зайлах боловч тэсвэрлэнэ. Эцэст нь хоёр хүн мориныхоо амьсгааг дарсаар дэргэд нь ирэн бууж дүнгэр дангар ярилцахад сэтгэл шулуудан айн мэгдэхээ бүрэн мартав. Морь нь чонын үнэр аван хамар дуугарган гэдрэг угзрахад эзэд нь \”Хайя хайя” гэж тогтоож аваад тамхиа татацгаав. Энэ бүхэн мань хөгшинд маш тод, хадны мухарт хамтдаа байгаа юм шиг байлаа. Урд өмнө хүн амьтантай ингэж тулгарч байсан удаагүй бөгөөд хүний үнэр дэргэдээсээ хэчнээн аягүй байдгийг анх удаагаа үзэн ой гутав. Гэтэл татсан тамхины утаа хадны хөндий рүү орж ирэн хамар нармайг шархируулан найтаалгах гэж сандраав. Энэ бүхнийг хөгшин чоно даван туулах гэхдээ, нүд анин хошуугаа хадны мухар руу гүнээ шигтгэсэн тул амьсгаа тагжран бараг муурах шахлаа.
Хүмүүсийн мордон явмагц мань хөгшин гэдрэг гулган хөндийнхөө аман дээр ирж хоншоорын үзүүр төдийхнийг гадагш гаргаж агаар амьсгалав. Нөгөө хүмүүсийн үнэр ба татсан тамхины нь утаа орчин тойронд шингэн ханхалсаар аж. Сэтгэлд нь одоо хүргэн хүү, хүү хүүхэн, хөөрхий муусайн ач нар, идэр цагаас өдий хүртэл ханилсан хань эмгэн буурал өлөгчнөө дэс дараалан бодов. \”Ээ дээ тэд маань юу л болсон бол. Над шиг анир чимээгүй хэвтэж байж амиа аварсан бол уу. Ээ, үгүй байх. Яавч чадаагүй байх” гэхчилэнг үргэлжлүүлэн бодлоо.
Өдрийг арайхийн өнгөрүүлж аваад үдшийн бүрэнхий болмогц хадныхаа мухраас гарав. Эргэн тойрныг нарийвчлан ажихад бүх юм хуучин хэвэндээ: \”Хөгшин чоно айх аюулгүй ээ!” гэх мэт аж. Гэлээ ч хөгшин болгоомжлоно. Аюул бүхэн болгоомжгүйгээс болдгийг сайн мэдэх тул хадны оройд гараад эргэн тойрныг дахин ажигласнаа: \”Ээ та минь, та нар байна уу? байна уу? байна уу?” гэж намуухан дуугаар уянгалуулан улив.
Гэтэл анир алга, юу ч алга.
Хөгшин чонын сэтгэлд: \”Ээ, би чинь энэ хорвоод гав ганцаараа болчих нь энэ үү” гэдэг бодол төрөн гол нь харлалаа. Айх болгоомжлох цөмийг мартан ахин ахин улилаа. Улих дуу нь хад дамжин цуурайтаж, үдшийн сэрүүн тунгалаг агаарыг нэмэн нэмэн донсолгоно.
Гэлээ ч хариу алга, юу ч алга.
Дээр нь тэнгэр тун тунгалаг, төгрөг сар, түг түмэн од гялалзахын ихээр гялалзах нь гагцхүү мань хөгшнийг ширтэн: \”Ээ өвгөн чи одоо гав ганцаараа болсон шүү” гэх мэт байлаа. Дэргэд нь уул хад, өвс ургамал, навч нахиа бараан сүүдрээ ийш тийш хаян сэрвийхээрээ сэрвийх нь мөн л мань хөгшнийг \”Ээ өвгөн чи энэ хорвоод ганцаараа болсон шүү” гэх мэт аж.
Эрт урьддаа нэг зун бүх бэлтрэгнүүдээ хүн амьтанд хядуулж орхиод шөнө нь өлөгчинтэйгээ хоттой хонинд нь орон сүйтгэж, өс хонзонгоо авч байсныг санав. Гэтэл одоо тэр цаг биш, тэгдэг нас аль хэдийн талийн одсон тул хөгшин зөвхөн гуниглана.
Гэтэл Дулаан хайрханы зүүн өндрийн өврөөс нэг чоно хариугүй дорой дуугаар гиншин улив. Энэ бол эмгэн нь: \”Ээ, би энд эсэн мэнд байна шүү” гэж байгаа нь тэр билээ. Хөгшний сэтгэлд: \”Аа ашгүй тэр маань мэнд!” гэж бодогдсон боловч хариу дуугарсангүй. Эмэгчин, азарган, ач үрс юугаа санан од мичдийг гөлрөн ширтэв.
Энэ үед тэртээх Таргатын голынхон нам гүм, адуу малаа бэлчээрт нь гаргасан тул цөм гэр гэртээ байжээ.
Айл бүрийн тоононоос гэрэл улалзана. Хүүхэд багачууд нь тараг ээдэм мэтийг дур мэдэн идсэнээрээ гэдэс цатгалан бөгөөд унтахад бэлэн. Гагцхүү томчуудынхаа яриаг сонирхон ор дэрэн дээрэ хөлбөрөлдөнө.
Өдрийн ан авлалтанд оролцсон нэг нь:
-Нийт таван бэлтрэг, нэг өлөгчин, нэг эр чоно алав шүү дээ гэхэд:
-Yгүй, нөгөө Цэрэнчимэдийн эр эм хоёр хөгшин чоно яалаа?
-Тэр ч харин байгаагүй шүү. Хэрэв байсансан бол төдий олон хүн тэгж самнан үргээхэд заавал гарах ёстой.
-Тиймээ, Цэрэнчимэд настай томоотой хүн мөртлөө үе үе ингэж барин тавин баримт гарган дэгсдүүлдэг эр гэнэ билээ.
Эл яриан дундуур гадаа нь өлсгөлөн муу хар гичий онц сонор сайтайгаараа алс ууланд чоно улихыг сонсоод хар яр хуцав. Ухаандаа тэр, \”Хүүе! Хүүе! Тэнд чоно ульж байна шүү, та минь мэдээрэй” гэж бусад нохдод мэдээ хүргэх гэсэн хэрэг байлаа. Гэтэл гэрийн эзэн:
-Yгүй, энэ муу гичий гэв гэнэт хий хуцдаг өлөгчин шүү. Аль вэ хө гараад нэг сайн тас цохиод орхиоч! гэв. Эхнэр нь үнснийхээ малтуурыг барин гарав. Удаж төдсөн ч үгүй хар гичий ганхийн гасалсан бөгөөд тэрээр муу хувь заяанд гомдож үнсэн дээр очиж цагираглан хэвтжээ.
Д.Намдаг \”Хөгшин чоно ульсан нь\” номоос