“Монголын тамирчдын өдөр, Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохионо. Эл өдөр Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн спорт заал болон Спортын төв ордны “А” заал бүх нийтэд нээлттэй үйлчилнэ хэмээн МҮОХ, БТСГ, Нийслэлийн Биеийн тамир спортын газар /БТСГ/, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо /НБТСХ/ хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын хэлтсийн дарга Ц.Одонбаяр хэлэхдээ, “Энэ жил Монгол хүн олимпоос медаль хүртсэний 50, алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиож байна. Бид олимпод оролцож байсан үе үеийн ахмад тамирчин, медаль хүртсэн 60 гаруй шилдэг тамирчинд, тэдний ар гэрт хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулна” гэв. Дээрх дүүргүүдийн спорт заал энэ сарын 23-ны өглөө 09.00-22.00 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.