Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, ”Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны замын концесс эзэмшигч байсан “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг зургаа хүртэлх сараар сунгалаа.
Концесс эзэмшигч дээрх хугацаанд үүргээ биелүүлээгүй бол Засгийн газар гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашиг зэргийг хариуцахгүй байхыг гэрээнд нэмж тусгахаар болсон байна.
“Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал”, “Майдар хот”, “Аэро сити”, “Тээвэр ложистикийн төв”, “Богдхан төмөр зам” зэрэг бусад төсөлтэй холбоотой 97 км гаруй хэсгийн авто замын трасс тодорхойгүй, трасстай давхцаж байгаа болон давхцаж болзошгүй газар байдаг. Энд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн, өмчлүүлсэн газрын асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр боллоо.
Товч мэдээ
– “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрийн дагуу манай экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд тээвэрлэхэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм. Манай улс дамжин өнгөрөх тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авч байна.
– Увс аймгийн Улаангом суманд төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон “Дулааны II станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ-ыг “Улаангомын дулааны II станц” төрийн өмчит компани болгов.
– Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц 75.8 хувьтай байна. 2017 оны эцсийн байдлаар 12 яам, дөрвөн агентлагт 60 хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Эдгээрийн 58 нь цаашид үргэлжлэх бөгөөд хоёрынх нь хугацаа дуусгавар болжээ.
– Энэ оны зургаадугаар сард Архангай, Өвөрхангай аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, голомтыг устгах, хохирлыг арилгахад шаардлагатай 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
– Долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хангайн бүсийн зуны уралдаан Булган аймагт, Төвийн бүсийнх Орхон, Зүүн бүсийнх Сүхбаатар, Говийн бүсийнх Дорноговь аймагт болно. Уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг аймгуудын Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгав.