“Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”, БСШУС-ын яам, уран зургийн галерей хамтран уран дархчуудын шилмэл бүтээлээр “Эхлэл” үзэсгэлэнг гаргажээ. Тус үзэсгэлэн “Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”-ны анхны үзэсгэлэн учир ийнхүү “Эхлэл” хэмээн нэрлэжээ. Үзэсгэлэн 6 сарын 29 хүртэл Уран зургийн галерэйд тавигдаж байна.
Үзэсгэлэнд найман ханатай, алт мөнгөн шармал чимэг бүхий иж бүрэн монгол гэр, есөн эрдэнийн шигтгээтэй чанаржуулсан ган, уран хийц өвөрмөц зохиомжтой хэт хутга, ногоон хаш хул аяга, эртний “завьяа” тагш бүхий мөнгөн аяга, сэргээн засварласан хүрэл цутгуур, алт шармал “Хаянхярваа” бурхан, хөөрөгнүүд гэх мэт нийт 30 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн аж.
“Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”-ны тэргүүн Б.Аюуш хэлэхдээ “Бид анхны гэдэг утгаар цөөн чанартай шилмэл бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргалаа. Энд 20 гаруй уран дархны ур ухаан, хүч хөдөлмөрөө гарган хийсэн үнэ цэнэтэй бүтээлүүд байна. Бид цаашдаа энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохиож, өргөн хүрээнд хийхээр төлөвлөж байна” хэмээн хэллээ.