Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насаар эхэлсэн билээ. Харин шүдлэн насны уралдаан 14:00 цагаас эхлэх байсан ч хойшлогдсоор 16:00 цагийн үед гарааны зурхай руу хөдөлсөн. Нийтдээ газар газрын хурдан шандаст 308 үрээ бүртгүүлснээс 160 гаруй нь гарааны зурхай руу гарчээ. Шүдлэн насны морьд 14 километрт уралдсан.
Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морь барианд орж, түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ оржээ. Харин аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Гантөмөрийн хул үрээ, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Д.Очирсүрэнгийн хул үрээ, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ орсон байна.