Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр /2018.07.31/ 11.00 цагийн орчимд өрөөнд нь хутгалсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар тус дүүргийн хэвлэлийн төлөөлөгч Д.Цэнгэлмаагаас тодруулахад “Өнөөдөр дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон. Одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ. Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвтэй холбогдоход “Хэргийг шалгаж байна. Хутгалсан этгээдээс мэдүүлэг авч байна” гэв.
Түүнийг хэн, юуны учир хутгалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт ажиллаж байгаа юм байна. Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг аж.