“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон. Ингэснээр тэрбээр Азийн наадамд түрүүлсэн манай улсын хоёр дахь эмэгтэй тамирчин болсон юм.
Тэгвэл П.Орхоноос хамгийн хүчтэй допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдсан байна. Өчигдөр энэ асуудлаар МЧБХ, Азийн допингийн холбоотой видео хурал хийжээ. Азийн допингийн холбоо П.Орхоноос ‘Таны шээсний шинжилгээг сольсон байх боломжтой юу’ гэж асуухад П.Орхон тийм зүйл огт байхгүй гэжээ.
Хурлын төгсгөлд П.Орхон ‘Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий’ гэсэн боловч Азийн допингийн холбоо тэр асуудлыг хүлээж авалгүй, медалийг нь хураана. Харин та өөрөө зохих газарт нь гомдол гаргах эрхтэй гэсэн аж.
П.Орхон нь Аваргуудын академийн бөх бөгөөд энэ жил 25 настай, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.
Тамирчнаас Допинг илэрсэн тохиолдолд 3 жилээр тэмцээнд орох эрхийг хасах шийтгэл ноогдуулдаг юм байна. Хэрвээ энэ байдлаараа бол 2020 оны олимп П.Орхоны хувьд хаалттай болж мэдэхээр байна.