Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Русский арал дээр болсон чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён нар бараалхсан юм. Мөн хөрш орнуудын ерөнхийлөгч, дарга нартай тэрээр хоёр талын уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдэж, УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зээлийг зарцуулах боломжтойг хэлжээ. Түүнчлэн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг дэмжиж байгаагаа дахин нотолсон байна.
Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсноо илэрхийлээд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д айлчлахыг урьсан юм. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Владивосток хот руу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Батзориг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Гансүх, Т.Тэгшжаргал, Ц.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж болон албаны бусад хүмүүс явжээ.