Хүүхдийг хараа хянлалтгүй орхиж болохгүй тухай анхааруулга мэдээг холбогдох байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчноор дамжуулан тогтмол хүргэдэг билээ. Гэвч ард иргэдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд янз бүрийн эрсдэлд орох байдал гарсаар байна.
Тухайлбал хамгийн сүүлд гэхэд өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг онцгойгийнхон аюулгүй болгосон байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн 5 давхар нийтийн орон сууцны 4 дүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага 13:00 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 3 минутын дотор очиход тус байрны оршин суугч Б-гийн 5 настай хүү Ж нь гэртээ ганцаараа цоожлогдсон байж. Хүү гэрийнхээ цонхны гадна талын тавцан дээр зогсож байсныг онцгойгийн алба хаагчид аварч ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрны 3 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр 22:21 цагт иржээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 6 минутын дараа очиход 3 дугаар давхрын тагтан дээрээс 19 настай согтуу эмэгтэй Х унах гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.