Европын Холбооноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг зургаан сараар сунгалаа гэж Европын Зөвлөлийн хэвлэлийн алба мэдэгдлээ. Хориг арга хэмжээний үндсэн хугацаа энэ сарын 15-нд дуусах байжээ.
“Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн эрхт байдлыг сулруулж, заналхийлсэн үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг Европын Зөвлөл зургаан сараар буюу ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл сунгалаа. Энэхүү хориг арга хэмжээнд 155 хувь хүн, 44 аж ахуйн нэгж хамрагдаж байна” гэж мэдэгдэлд дурджээ. ЕХ-ны гишүүн 28 орны байнгын төлөөлөгчид энэ сарын 5-нд хуралдаж, хориг арга хэмжээг сунгах шийдвэрийг гаргасан байна.