“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өчигдөр/09.19/ боллоо. Тэмцээний эхний өдөр манай дөрвөн тамирчин хүч үзсэнээс 55 кг-ын жинд спортын мастер Баяраагийн Халиунаа шигшээд шалгарчээ.
Б.Халиунаа Трнавад 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялсан юм. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Японы Саки Игарашитай хүч үзнэ.
76 кг-д Г.Ариунжаргалыг ялсан нанхиадын бөх шигшээд шалгарснаар өнөөдөр дагаж барилдахаар болсон бол Н.Анударь, Э.Даваанасан нар тэмцээнээ өндөрлүүллээ.