УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна. Мөн 11:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.
Үдээс хойш буюу 13:00 цагт болох Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай, Монгол, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр болон Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн Эдийн Засгийн байнгын хороо 15:00 цагт хуралдахаар товложээ.