Тагнуулын ерөнхий газраас баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блокын барилгад ажиллагаа явуулж дуусчээ. Энэ тухай цахим орчинд олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлж байлаа. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг баривчлах гэж байна, 1.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой хятад иргэдийг барих гэж байна гэх мэт мэдээллүүд тараад байна.
Тэгвэл дөнгөж сая ТЕГ-аас явуулсан уг ажиллагаа өндөрлөж байгааг албан ёсоор мэдэгдлээ. ТЕГ-ын алба хаагч энэ талаар хэлэхдээ “ТЕГ-аас гадаадын тусгай албатай буюу гадаадын тагнуултай холбоотой ажиллагааг сая явуулж дууслаа. Нотлох баримтуудыг цуглуулж дууслаа. Ингээд манай ажиллагаа өндөрлөж байна.” гэсэн юм.
Энэ сүржин дүр төрхтэй үйл ажиллагаа өнөөдөр 12 цагийн орчимд эхэлсэн бөгөөд 2 цаг орчим хугацаанд үргэлжилж, дөрвөн хайрцаг зөөж гарган ачсанаар өндөрлөв. Энэхүү учир битүүлэг явдал, иргэдийн олон асуулт хариултгүй хэвээр үлдлээ. Бид энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.