Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчлөлийн тохиолдлуудад шуурхай арга хэмжээ авч, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулж ажиллажээ.
Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.
Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.
Тиймээс уг өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дэгдэлт болохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-тэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж ажиллах талаар сургалт хийсэн байна.
Эх сурвалж: ЭМЯ